Д.Баттулга: Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Миний эсрэг “Их эвсэл” бий болжээ” гэж бичсэн. Тодруулбал, тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг нар МАН-тай нэгдэж миний эсрэг эвслээ гэсэн.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Элбэгээ Үүлийг байнга дэмжиж ирсэн. Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн. Элбэгээ Үүлийн эсрэг хэзээ ч ажиллахгүй. Бат-Үүлийг урьд нь ч, нийслэлийн намын дарга болоход ч, нийслэлийн Засаг дарга болоход ч, бид хоёр хотыг удирдаж байхад ч Ерөнхийлөгч байнга л дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа. Тийм л хүн. Элбэгээ Үүлийн эсрэг “Их эвсэл” ч гэнэ үү, байгуулах хүн биш. Би түүнд нь огт итгэхгүй байгаа. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг нь би. Чухам ямар мэдээллээр тэгж бичсэнийг мэдэхгүй юм." гэсэн тайлбар өгсөн байна.
Мөн түүнийг холбогдуулан шалгаж байгаа хэргийн тухайд тэрээр "1990 оноос хойш Үүлтэй хамт явлаа. Хамтдаа хувьсгалыг нь ч хийлээ. Хамтдаа ялж, ялагдаж ч явлаа. Сүүлийн дөрвөн жилд бид хоёр мөр зэрэгцэн хотыг удирдлаа. Үүлийг хамгийн сайн мэдэх хүн нь бас л би. Хэн ч үгүй гэхгүй. Баталгаатай хэлье. Манай Үүл хэзээ ч тийм хэрэг хийхгүй. Хуулийн байгууллага шалгаад цагаатгана биз дээ." гэжээ.
Харин Э.Бат-Үүл “Их эвсэл”-д бууж өгөхгүй гэдгээ хэлж, шинэ тэмцэлд нэгдэхээ илэрхийлээд буй. Түүний нэрлэсэн Их эвслийн бүрэлдэхүүнд Н.Алтанхуяг, МАН хоёр байдаг юмаа гэхэд Ерөнхийлөгчийн нэр багтсанаас үзэхэд тэрээр ихэд гомдолтой байгаа аж. Чухам гомдлын үзүүр хаанаас эхтэйг Д.Баттулга төлөөлөгч энэ удаад тайлж хэлж чадсангүй.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ