Оноогоо хасуулж, торгууль төлж даатгалаа авах уу

Өдөр бүр ослын тухай албан тоо баримт чих дэлсэнэ. Тэгвэл цагдаагийн нүд чихнээс гадуур чимээгүй өнгөрч буй хэчнээн аваар гарч байгааг хэлэх аргагүй. Хохирсон болон хохироосон үед тусламж үзүүлэх буюу хохиролоос гарах зардлыг нөхөн төлөх даатгалын байгууллага манайд өчнөөн бий. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр дурын байгууллагаа сонгоод хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах үүрэг хүлээдэг. Харин жолооч нар зам тээврийн осолд холбогдсоныхоо дараа даатгалын байгууллагаас үйлчилгээ авахаас зайлсхийх нь элбэг. Үүний шалтгаан нь даатгалын байгууллагууд заавал цагдаагийн тодорхойлолт нэхдэг байна. Цагдаа дээр очвол торгууль төлж, зөрчлийн оноо хасна. Тиймээс л өөрийн халааснаасаа хохирлыг нь төлөхийг илүүд үзэх жолооч олон байдаг аж.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2015.01.30-ны өдөр гаргасан нэгэн тогтоол байдгийг сануулъя. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар харилцан тохиролцож даатгалын байгууллагаар хохирлоо барагдуулж байгаа тохолдолд цагдаагийн байгууллагад хандах шаардлагагүй гэдгийг үүгээр зохицуулсан аж. Тус тогтоолоор “Албан журмын даатгагчдын холбооны шуурхай албаны ажиллах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталжээ. Энэ журмыг даатгагчдаас гадна даатгуулагчид ч мэдэж байхад хэрэгтэй юм.

Журмын зарим заалтыг товч дурдъя. Тухайн ослын нөхцөлд буруутай этгээд нь тодорхойгүй, холбогдогчийн гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд замын цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэхийг зөвлөх, мөн өөрөө мэдэгдэнэ. Өөрөө гэдэг нь даатгалын компанийн ажилтныг хэлж байгаа юм. Мөнослын газарт шуурхай алба очих боломжгүй, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй үед даатгалын тохиолдолд холбогдсон жолооч нар харилцан тохиролцож гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бол даатгалын асуудал бий болсныг, нотлох баримт бичиг бүрдүүлэх, даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг бөглөх талаар зөвлөгөө өгөх /фото зураг, гэрчтэй бол гэрчээс тодорхойлолт авах гэх мэт/ юм. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах шаардлагагүй. Харин Шуурхай албаны ажилтан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эсхүл зам тээврийн осол гаргагчид хоорондоо маргалдах нөхцөлд замын цагдаад мэдэгдэхийг зөвлөх, мөн өөрөө мэдэгдэх ёстой гэж заажээ. Мөн осол гаргасан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан, бичиг баримтгүй, насанд хүрээгүй бол даатгагч байгууллагын ажилтан түүнийг замын цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг байна.

Энэхүү журамд “Даатгалын тохиолдлын баримт бүрдүүлэх, шилжүүлэх” тухайд цагдаагийн байгууллагын тодорхойлолт, цагдаагийн бичиг зэрэг баримтын талаар дурдаагүй байна. Та бүхэн тогтоолын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Аливаа даатгал сайн дурынх байх ёстой хэмээн үздэг олон хүн байдаг. Хэрэв жолооч нарыг сайн дураараа даатгуулаарай гээд орхивол хэдэн хувь нь хамрагдах бол? Яагаад заавал даатгалыг эсэргүүцдэг вэ гэдгийг сайтар судалж үзэх хэрэгтэй. Даатгалын байгууллагуудын зүгээс гаргаж буй аливаа хүнд суртал, лобби зэрэг нь иргэдэд чирэгдэл болдог гэсэн шүүмжлэл их бий. Тэд даатгал хэмээх авралаас зайлсхийж байгаа бусад шалтгааныг ч тодорхойлох нь чухал. Даатгалд сайн дураар хамрагддаг болгохын сайн талыг нь харъя гэвэл жолооч нарын халааснаас даатгалын байгууллагад өгөх даатгалын мөнгө л хэмнэгдэх боломжтой болно. Бусад талаар ямар үр дүн гарахыг мэдэхгүй юм. Ялангуяа бидний өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн хямрал гээд бүх зүйл хүнд бэрх байгаа энэ үед бусдын тусламж хэрэгтэй баймаар. Гэтэл үүнээс юуны учир татгалзах болсныг бодолцох л хэрэгтэй. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн жолооч нар мэдээллээр хомс байгаа нь дээрх тохиолдолд харагдаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ