Төрөхөөр өвдөж буй эмэгтэйг чимхсэн түргэний эмчид хариуцлага тооцохоор боллоо
Өчигдөр цахим сүлжээгээр төрөх гэж буй эмэгтэйг машинд “төрж болохгүй” гэж хоёр гуяыг нь хөх эрээн болтол чимхсэн зураг олон нийтийн дунд шуугиан тариад байсан. Бид энэхүү үйл явдлын талаар сурвалжиллаа.
Энэ сарын 27-ны өдөр 42 настай М төрөх өвдөлт өгч, улмаар Сонгинохайрхан дүүргийн түргэн дууджээ. Дуудлага өгснөөс 30 минутын дараа түргэний эмч А ирсэн байна. Дуудлага өгсөн эмэгтэй 39-40 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд өвдөлт ихээр өгч байжээ. Тус эмэгтэй охин О-гийн хамт түргэний машинаар Нийслэлийн Өргөө амаржих газар буюу 1-р төрөхөд хүргэгдэж иржээ. Ингэхдээ төрөх эмнэлэг явах замд хүчтэй өвдөлт өгч, түргэний эмчид хэлэхэд “Машинд төрөхгүй шүү тэвч” хэмээжээ.

Эмч өвдөлт сарниулж булчин суллаж байна хэмээн эмэгтэйн гуя руу алгадан чимхэж эхэлсэн аж. #c0c0c0;">Хамт явсан охин “Ээж өвдөж байгаа шүү дээ, та боль л доо” гэхэд “Чи дуугүй бай. Булчинг нь чангалж байна. Харин чи цаад хөлийгнь сайн түлх” гээд хоёр хөлийг нь хавчиж төрөлтийг зогсоохыг оролджээ. Ингээд 1-р төрөхөд хүргэгдэж үзлэгийн өрөөнд орж орон дээр гарахад хүүхдийн толгой аль хэдийнэ цухуйсан байжээ. Бид тухайн өдөр болсон явдлын талаар М-тэй ярилцлаа.
-Тухайн өдөр яг юу болсон талаар ярихгүй юу?
-Есөн сарын 27-ны өдөр би төрөх бэлтгэлээ хийгээд охинтойгоо “Хархорин” зах орох гээд явсан. Тухайн өдрийн өглөө бага зэрэг өвдөлт өгсөн байсан. Би өмнө нь бэрээ төрүүлэх гээд очиж байхад “Тулгаж ир” гээд, олон удаа буцааж байсан болохоор тулгаж очсон дээр юм байна гэж бодоод харзнаж байсан юм. Замдаа өвдөөд явж ч болохгүй байсан. Тэгэхээр нь буцаж гэртээ такси барьж ирээд түргэн дуудсан юм. Түргэний эмч гаднаас орж ирээд “Та тулгаж дуудлаа хэд дэх төрөлт вэ? Орон дээрээ гар гэсэн”. Би гарч чадахгүй газар сөхрөөд суучихсан байсан. Та ийм их төрчөөд мэдэхгүй байхдаа яадаг юм бэ? гээдзандрангуй хэлсэн. Би орон дээр гарч чадахгүй байна гэхэд үзлэг хийх гэж байна орон дээрээ хурдан гар гэж загнасан. Би ч гүрийж байгаад гарсан. Тэгсэн “Их доошилсон байна” гээд гаднаас насилк авч орж ирээд авч явсан. Тэгээд замдаа машинд төрөхгүй шүү гэсэн. Цаанаасаа өвдөлт өгөөд байхад хоёр гуя руу алгадаад чимхээд байсан. Гарнаас барьж байгаад хөл рүү түлхээд манай охиныг цаад хөлийг нь сайн хавч гээд наад утсаараа ярихаа боль ээжийнхээ хөлийг барь гэсэн. Энд төрөхгүй шүү гээд л загнаад байсан.
-Та хэдэн цагт амаржсан бэ, хүүхэд тань эсэн мэнд төрсөн үү?
-Нэгдүгээр төрөхийн үүдээр ороод шууд яаралтай хүлээн авах дээр төрсөн. Үүдэнд байсан хүмүүсийг гаргаад, эмч нар ирээд орон дээр өргөж гаргаад, оройн 11:45 цагт төрсөн. Төрөхийн орон дээр очиж амжихгүй юм байна. Үзлэгийн орон дээр гаргаад, өмд тайлахад хүүхдийн толгой аль хэдийнэ гарсан байсан. Тэгээд удалгүй азаар хүү маань эсэн мэнд төрсөн. Гэвч миний биеийн байдал сул хөхөнд сүү ороогүй байна. Тиймээс хүүгээ шөнө буцалсан ус чихэрлээд, халбагдан уулгаж унтуулж байна.
-Тухайн үед түргэний эмчийн үйлдлийг зогсоох гэж оролдсон уу?
-Бихэлсэн. Үнэхээр их өвдөж байна. Чи ядаж битгий чимхээд бай л даа гэсэн юм. Тэгэхэд урдаас булчинг чинь суллаж байна гээд чимхээд байсан. Би бүүр гайхсан. Энэ бол миний зургаа дахь удаагийн төрөлт. Зургаан удаа төрөхдөө үзээгүй юм аа л үзлээ. Их аймар юм байна лээ. /уйлав.сурв/

-103-ИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХАРИУЦСАН ЭРХЛЭГЧ ЧИМХҮҮЛСЭН
ЭМЭГТЭЙГЭЭС УУЧЛАЛТ ГУЙВ-
Түргэний эмчид биеэ хөхөртөл чимхүүлсэн М-ийн төрсөн эгч Э маш их гомдолтой байгаагаа ярьж байна. Тэрээр эмч нар хүмүүс аврал гуйгаад дуудаж байгаа хүнийг яагаад ингэж байгаа юм бэ. Энэ эмч хүн мөн үү. Адилхан эмэгтэй хүн байж ийм муухай байж болохгүй шүү дээ. Манай дүү 28-ны өдөр нь эмнэлгээс гарсан. Хөхөнд нь сүү орохгүй, хүүхэд шөнөжин уйлж хоносон. Хүүхдийн нүүр уйлахаараа бэлцгэр байгаад байна. Бүтэлттэй төрсөн байх. Гарах гэж байгаа хүүхдийг хавчаад байхаар чинь аргагүй шүү дээ. Би эмнэлгээс утасдаж асуухаар “дотоод асуудал та юун хүн асуугаад байгаа юм” гээд халгаахгүй байсан. Ямар хүн байсан юм уулзья гэхэд хариу өгөх хүн байсангүй” гэлээ.
Биднийг хохирогч эмэгтэйн гэрт ярилцаж суухад Сонгинохайрхан дүүргийн 103 хариуцсан салбарын эрхлэгч Н.Нармандах ирж, эмэгтэйн биеийн байдалтай танилцаж, эмэгтэйгээс уучлалт гуйсан юм. Тэрээр “Манай эмч надад хэлэхдээ урьд өдөр нь юмнаас унасан байсан, их доошилсон байсан гэж хэлсэн. Харин дарга нар хуралдаад манай эмчийн буруу үйлдэл хийсэн хэмээн арга хэмжээ авахаар болсон. Одоо таниас уучлалт хүсэж байна, нөгөө эмчийг өөрийн биеэр авч ирүүлэн танаас уучлалт гуйлгана гэсэн юм.
Энэ асуудлаар тухайн өдөр эмэгтэйг эх барьж авсан 1–р төрөхийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч С.Ганчимгээс тодрууллаа.
-Төрөх эмнэлэгт хүргэгдэж ирэхэд иргэн М-ийн биеийн байдал ямар байсан бэ?
-Есөн сарын 27-ны өдөр 11:00цагийн орчимнасилктай ээж дүлэлт өгсөн байдалтай ирсэн. Эмнэлгээс тусламж үзүүлж, эмч нар бөөндөө орон дээр гаргахад ээж дүлж байсан. Өмдийг нь тайлахад хүүхдийн толгой цухуйсан байсан.
-Төрөх эмнэлэгт ирэхэд эмэгтэйн гуя хөхөрсөн байсан уу?
-Тийм ээ. Эмэгтэйн хоёр гуя хөх эрээн болсон байсан. Яагаад хөхөрснийг асуухад төрөх гээд өвдөлт өгч байхад нь түргэний эмч өвдөлт намдааж байна гээд чимхсэн гэсэн. Анх ирэхдээ эмэгтэйн савны амсар бүрэн нээлтэй ирсэн. Энэ нь төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн байсан гэсэн үг.
У.УРАНЦЭЦЭГ


СЭТГЭГДЭЛ БИЧИХ