Орогнол хүссэн монгол эмэгтэйг охинтой нь Канадаас албадан гаргажээ

Монгол Улсын иргэн А хэмээх эмэгтэй охины хамт 2014 оны долдугаар сард Канадад очжээ. Салсан нөхрийнхөө дарамтаас зугтаж, тус улсаас орогнол хүссэн байна. Хэдийгээр тэнд үлдэх олон боломж бий гэж үзэж байсан ч өнгөрсөн даваа гаригт монгол эмэгтэйг охиных нь хамт тус улсаас албадан гаргах шийдвэр гарчээ.
Канадын “The Global news” цахим хуудаст мэдээллэснээр,А нь “Салсан нөхрийнхөө дарамтаас болж энд ирсэн. Цагаачлах эрх олгож өгнө үү” хэмээн Канадын цагаачлалын албанд хэд хэдэн удаа ханджээ. Гэвч тус албанаас нотлох баримт хангалтгүй хэмээн, өргөдлийг нь хүлээн аваагүй байна. Тэрээр өмгөөлөгч аван шүүхэдсэн ч тус улсын Цагаачлалын албанаас орогнол олгох боломжгүй гэсэн татгалзсан хариу сонсож, өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн өглөөний 07 цагийн орчим Канадын хилээр албадан гаргажээ.
А нь гурван ажил хийхийн хажуугаар Калгари хотын Хүнсний банкны сайн дурын ажилтнаар ажиллаж байсан бол охин нь “Western Canada” ахлах сургуульд сурч байсан аж. Тус улсын Цагаачлалын сайд Жон МакКаллумд илгээсэн электрон шуудандаа А, түүний охин Э нар "Канад улсад байсан өдөр хоногуудад маш их талархаж байна" хэмээн тэмдэглэжээ. Мөн “Биднийг Монгол дахь тамын амьдралаас аварсны ачийг сайн иргэн байж хариулахыг хүсч байна. Хэрвээ энэ их агуу орондоо биднийг үргэлжлүүлэн амьдрахыг зөвшөөрвөл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидэнд эрх чөлөөг олгож аварсан Канадын иргэн болсноороо бахархах болно” гэжээ.
Канадын 600.news.com болон С телевизэд өгсөн ярилцлагадаа Э охин “Одоо юу ч бодох тэнхэл алга” гэсэн бол А бүсгүй “Хоёр жилийн өмнө Канадын Калгари хотод ирсэн. Монголд салсан нөхөр зодож байнгын дарамт, айдастай амьдарч байсан. Миний сэтгэл яг одоо хов хоосон байна. Биднийг албадан гаргах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Монголд очоод салсан нөхрөөсөө аль болох холхон амьдарна. Уг нь энд амьдрах боломж олгосон бол охиноо дунд сургуулийг нь төгсгөөд, мөрөөдлийг нь биелүүлж архитекторч болгоно гэж бодож байлаа” хэмээн ярьжээ.
Тэрээр нутаг буцахын өмнө тус улсын Цагаачлалын албанд “Дахин нотлох баримт бүрдүүлж өгье” хэмээн хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй байна. Канадын хэвлэлүүдээр ээж, охин хоёрын нутаг буцаж буй дүр зураг сэтгэл өвтгөм байсан талаар мэдээллэжээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас А бүсгүйг охин Э-гийнх нь хамт Канадаас албадан гаргасан мэдээллийн дагуу тодруулахад “А гэх эмэгтэй бидэнд ямар нэг байдлаар хандаагүй” гэсэн хариулт өгөв. Хэн гэдэг иргэн хаанаас ямар орогнол хүсч байгаа талаархи мэдээллийг бидэнд ирүүлдэггүй. Харин иргэнээ хүлээж авах талаар бидэнд мэдэгддэг. Энэ асуудалд анхаарлаа хандуулж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ