УИХ-ын гишүүн болоод л “Улаан ном”-нд орчихдог

Монголын улс төрчдийн ойлголтоор бол улс төрийн хамгийн эрсдэлтэй алхам бол үнэнээ хүлээн зөвшөөрөх. Хэрэв үнэнээ хүлээн зөвшөөрөх аваас улс төр, улс төр биш болж улстөрч, улстөрч биш болно гэсэн хачин логик манай улс төрийн хүрээнд сүүлийн хорин жилд бий болоод байна.

Үүний улмаас хөрөнгө орлогоо нуух, элдэв асуудалд орооцолдсноо булзааруулах, энд тэндээс “Тамирын мөсийг долоох шахан олж цуглуулсан” элдэв хөрөнгөө гадаадын банкинд хадгалуулах, нуух, зарим нь бүр энд тэнд хадгалуулсан хөрөнгө мөнгөө мартах ч тохиолдол гарч байгаа нь жинхэнэ улстөрчийн илэрхийлэл гэнэ. Гэтэл дэлхийн хөгжингүй, ардчилсан улс оронд улстөрч хүн ард түмний төлөөлөл байдаг ч гэх шиг. Харин Монгол Улсад улс төрч бол зөвхөн өөрөө өөрийгөө улс төрд төлөөлөхөөс гадна гадаадын улс оронд Монгол Улсын хөрөнгөөр зугаалж, өөрийгөө төлөөлөн гадаадын улс оронтой харилцдаг байна.

Хүний төрөлх мөн чанар нь зөвхөн өөрийгөө бодох бус өрөөлийг хамт бодож байж гэмээнэ жаргалын амтыг мэдэрдэг. Хажууд чинь хүн зовж байхад түүнд хүртээлгүйгээр аз жаргалыг чи эдэлж байгаа бол, тэрхүү хэмжээлшгүй их аз жаргалаасаа өчүүхэнийг ч болов хүнд өгөх сэтгэл үгүй бол аз жаргалынхаа хариуд зовлон эдлэнэ хэмээн Будда сургасан байх. Мянган хүний уйлсан нулимсан дунд чи ганцаараа жаргана гэвэл аз жаргалын мөн чанар үл амтагдана. Аз жаргал хийгээд түүний тухай өгүүлсэн иймэрхүү ишлэл олон байх. Харин Монголын улстөрчдийн хувьд энэ бүх үг огт хамаагүй. Зөвхөн би л олж, би л болж байвал, би л бусдаас өрсч чадвал гэсэн сэтгэхүй ардчилал гэсэн уриатай хамт тэдний тархинд гүн бат суусан байна. Энэ сэтгэхүйгээсээ салж чадаагүй цагт ардчилал буюу өрсөх сэтгэхүй нь өөрөө нийгмийг хүндээр өвчлүүлж, тамирдуулж, туйлдуулж байна.

Гадаадад офшир хадгаламжтай хүмүүс төрийн өндөр албан тушаалд үл ажиллах хуулийг баталсан нь сайн ч өмнөхөө яаж шийдэх тухай асуудал хариултгүй үлдэв. Мөн УИХ-аар хэлэлцэх асуудал, ард нийтээс санал асуулга авах ажил үүргийн хувиарыг яаралтай бий болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг тухайн сонгогдсон тойргийнхоо ард түмний төлөөлөл. Гэтэл УИХ-ын индэр дээрээс намайг сонгосон, тойргийн иргэд ингэж үзэж байна гэж хэлдэг нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Манай намын, бүлгийн, компанийн эрх ашиг ингэж зөрчигдөж байна, би халдашгүй бүрэн эрхтэй гэж цээжээ дэлдэхээс намайг хэн сонголоо, би хэнийг төлөөлж байгаа билээгэдгээ эрэгцүүлдэг эрүүл ухаантай төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн “Улаан ном”-нд орсон цаг үед бид амьдарч байна.

Өөрийгөө боддог, бусдаас өрсөхийн тулд амьдарч, өөрийгөө хуулиар хамгаалуулж, гадаадад хадгаламж эзэмшиж, би л гэсэн тойрог дотор амьдарч буй хүмүүст хамгийн аймшигтай юм бол үнэн. Монголын улстөрчдийн хувьд үнэн гэдэг цаазын тавцан. Тэд үнэнээ хүлээх л юм бол мөхөл, сүйрэлрүү гинжин хэлхээгээр хөтлөлцөн эргэж үл ирэх хязгаар луу явах эхний бөгөөд эцсийн шалтгаан нь байх болно. Үл итгэх, үл хүндэтгэх, үл хүлээн зөвшөөрөх увайгүй алхамыг олон улс төрчид хийсээр байна. Монголын ард түмэн ядуурч, Дэнжийн мянгаас цайндаа хийгээд уух ганц шулсан яс авахын тулд боолын хөдөлмөр эрхэлж байна. Хахир өвлийн хүйтэнд тэс хөлдүү ширэм авч, нойтон мод зулж, нүүрс түлэхийн зовлон үзээгүй хүнд нэг ширхэг бөөрөнхий хар нүүрс ямар их илч түгээдэгийг мэдэхгүй байх нь аргаггүй.

Тэнэг, муу санаатай, шуналтай, атгаг, хувиа хичээсэн, ханаж цадахыг үл мэдэгч, юунаас ч үл ичигч Монголын улс төрийн нүүр царайг дэлхий дахин танихын хэрээр зугтана уу гэхээс алтан гургуул шиг донгодож, аргат үнэг шиг шарвалзлаа ч эргэж ханилах нь юу л бол. Дэлхийд данстай, хүчирхэг гүрэн улс байя гэвэл улстөрчид нь “Ямар ч эрсдэлтэй алхам байсан үнэнээ хүлээн зөвшөөрнө гэдгээ л хэлчих. Улстөрчид ч ч гэгээрнэ, сэтгэл санаа тань ариусна, ард түмэнд ч төрдөө итгэх итгэлийн зул сэтгэлд бадамлах болно.

Т. Очир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ