УИХ-ын дарга бодлогын зоримог өөрчлөлт хийх шаардлагатай гэв

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ бол шинээр эмхлэн байгуулагдсан УИХ-ын албан ёсны ажлын анхны өдөр гэж үзэж болно. Хэдийгээр өмнө нь анхдугаар чуулган, ээлжит бус чуулган хуралдсан ч албан ёсоор нээлтээ хийж байгаа намрын ээлжит чуулган гэдэг утгаараа шинээр сонгогдсон эрхэм гишүүд ажилдаа ийнхүү оров. Нээлтээ хийсэн намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд нэлээд хатуухан үг хэллээ. Тэрээр улстөржсөн хэрүүл маргаанаа зогсоож, олонхоороо түрий барилгүй ажилдаа шуурхайлан орох, томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, улсын эдийн засгийг өсгөх чиглэлээр дорвитой ажиллахыг УИХ, Засгийн газарт анхаарууллаа. УИХ-ын даргын хэлсэн үгээс өөр зүйл бас анхаарал татав. “Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон”-ыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. Үүний тулд төр, засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх, олон нийтийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтанд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх ёстой гэж хэллээ. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганаар батлах нь зүйтэй гэж УИХ-ын дарга хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ