Монголын хиймэл дагуулыг ирэх гуравдугаар сард хөөргөнө

Монгол Улсын анхны хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сард сансарт хөөргөхөөр болжээ. Энэ талаар МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

2012 онд Засгийн газрын тогтоолоор “Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр” баталж, МУИС-ийн эрдэмтэд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ын гурван багш Японы Кюүшүгийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл дагуулыг бүтээж байна.

Хиймэл дагуул бүтээж, сансарт хөөргөхөд 325 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Үүний 225 мянган ам.долларыг Япон Улс тусламжаар олгож байгаа юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ийн төсвөөс үлдсэн санхүүжилтийг хийнэ.

Манай хиймэл дагуул Япон, Нигери, Гана, Бангладешийн хиймэл дагуултай хамт хөөрч, 400 км-ийн зайнаас дэлхийг тойрч, өдөрт 5-6 удаа мэдээлэл дамжуулахаж. Хиймэл дагуулаас ирж буй мэдээг МУИС-ын дэргэд шинээр байгуулагдах номын сангийн оройд байрлуулах антеннаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөжээ.

МУИС-ийн эрдэмтэд 2019-2020 онд шинэ хиймэл дагуул бүтээж дахин хөөргөхөөр төлөвлөж байгаа гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ