Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

Эрүүл Мэндийн сайдын 2016 оны 09 сарын 22-ны А/54, А/55 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны 10 дугаар сарын 03-13 өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хепатитын В вирусийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.
Энэ үеэр Хепатитын В вирусийн халдварын эсрэг вакцинаар төр болон хувийн хэвшлийн бүх анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнууд, Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд, Цэргийн бие бүрэлдэхүүнийг үнэ төлбөргүй дархлаажуулна.
Мөн улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхдүүдэд өндөр тунтай А амин дэм уулгаж байна.
Дархлаажуулалтын 10 хоногоор 0-6 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг вакцины “0” тунгаар дархлаажуулах арга хэмжээг Нийслэл хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад зохион байгуулж эхлэсний зэрэгцээ нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ