ИТХ-ын сонгууль “элдэв зураг” биш шүү

МАН-ын талаас "АН-д ахиад сэгсрүүлэх үү" гэсэн мессеж явж байгаа бол АН төрийн дарангуйллаас түмнээ өмөөрнө гэж сөрсөн базаа хийжээ.

Аль аль нь мэдрэмжтэй л юм. МАН олонх болонгуутаа массын хүлээлтийг үл тооцсон муйхар гэмээр шийдвэрүүдийг шинэ засгийн газар нь гаргаж эхэлсэн. Үүний ард МАН-д бүтэн ялалтыг өгч орон нутгийн удирдлагыг бүхэлд нь шилжүүлэх дээр эргэлзээ таамаг бий болсон нь бодит байдал. Хотын шинэ даргын хувьд байдал арай эерэг буюу С.Батболд даргын иргэдээ сонсож, шийдвэртээ олон нийтийн санаа бодлыг тусгахыг зорьж байгаа нь салхийг наашаа эргүүлж эхэлсэн. Энэ нь нийслэлд МАН-ын хувьд ялалт авах суурь нөхцөл ч болж магад.

Сонгуулийн сурталчилгаа эхлээд ид дундаа орох гэж буй энэ өдрүүдэд нэр дэвшигчдийн зүгээс бидэнд тод харагдаж байгаа төөрөгдөл гэмээр дүр зураг бас байна.

7000 гаруй нэр дэвшигчдийн дор бүрнээ бодож олсон уриа бол янзын. Жинхэнэ элдэв зураг гэж болохоор. Хороогоо сайхан хөгжүүлье. Ойр дүүрэг, дотно хүн зэрэг. Гудамж талбайд байрлуулсан зөв “поз”-той зураг бүхий самбаруудыг харахад ИТХ -ын гишүүд нэг зүйлийг уриандаа мартаад байна л даа. Таныг төлөөлнө, Таны төлөө дуугарна гэсэн үндсэн үг нь бараг харагдахгүй. Ганцаараа шийдвэр гаргадаг мэт. Шийдээд, хөгжүүлээд өгнө гэсэн уриа зөндөө.

Нэг онцлох зүйл бол орон нутгийн сонгуулийг тосоод эрх баригч намаас олон “буулт “ хийсэн Цомхотголоо больё гэсэн. Бүх төрлийн татвар нэмэхгүй. Сүүлийн сюрприз нь хүүхдийн мөнгийг шилжүүллээ гэсэн мэдээ байна.

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болно гэдэг тухайн жилийнх нь хэдэн тэрбумын төсөв төлөвлөлт, түүнийг нь батлахад санал өгдөг эрхтэй. Үүгээрээ том лобби хийж болох тул чухал гэж хандаж байгаа нэр дэвшигчид үнэндээ олон. Иргэдийн төлөө ажиллаж энэ төсвийг нь самарчихгүй, сум дүүрэг хороондоо үр бүтээлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болгоход өөрийг нь дэмжсэн иргэдээ төлөөлж бат зогсох ёстой гэж ИТХ-ын эрхэм гишүүний үүргийг товч тодорхойлж болно. Сумын хувьд бол жинхэнэ иргэдийн дуу хоолой болж Засаг даргад юу хийхийг нь зааж чиглүүлж өгдөг шилэгдмэл баг бол ИТХ-ын эрхэм гишүүд.

Аль ч нам нь ялсан байлаа гэсэн Засаг даргаа томилох “алалдаанаас” ажлаа эхэлдэг. Засаг дарга, ИТХ нэг талдаа гараад ирэхээр өнөөх баталдаг төсөв нөхдийн лобби хийснээр дам хэн нэгэн этгээдэд ашигтай хуваарилалтад ороход тун тустай.

Энэ бол мэдээж манайдаа хэлбэршсэн байгаа ИТХ–д багтахын “практик” явцуу ойлголт. Мөн чанартаа Иргэдийн төлөөлөл байх гэдэг юу юм бэ. Яагаад итгэл хүлээж энэ хурал хэн нэгэн суух ёстой юм бэ?

Төлөөллийн гэдэг нь иргэд өөрийнхөө өмнөөс үүрэг хүлээсэн хэн нэг албан тушаалтныг сонгож, түүгээрээ дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэрийг хэлдэг гэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд улс төрийн шийдвэр гаргах хууль боловсруулах, ард түмний тусын тулд зохих хөтөлбөрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дамжуулан төрийн хэрэгт оролцох явдал юм.

Товчдоо бол улс төрийн амьдралд шийдвэр гаргахад хороо дүүргээрээ бүх иргэд хуралдаад байх боломжгүй тул төлөөллөө сонгож төрийн хэрэгт оролцож өөрсдийнх нь эрх ашгийг хангасан, хамгаалсан шийдвэр гаргах үүрэг хүлээлгэж илгээж байгаа юм. Хороогоо ганцаараа хөгжүүлнэ гэж уриалж байгаа нэр дэвшигчид, намынхаа бодлогыг батжуулж таны төлөө зүтгэнэ гэж байгаа нэр дэвшигч нар ч гараад хүлээх үүрэг нь тодорхой. Дээр хэлснээр эрх тэгш ардчиллын зарчмыг хангаж иргэдийн дуу хоолой болж тулгамдсан асуудлыг доош нэгжид хэрэгжих төрийн бодлого шийдвэр болгох.

Эцсийн дүндээ итгэлийг нь авч төлөөлсөн иргэдийнхээ тулгамдсан асуудлыг төлөөлөн тавьж шийдвэр гаргагч нараас шаардан хэрэгжүүлэх явдал. Одоогийн нийслэлийн ИТХ болон хотын даргын зүгээс ойрын өдрүүдэд гаргаж байгаа иргэддээ ойртсон, ахуй байдлыг нь судалсан алхмууд сонгуулиас цаашид ч хадгалагдах учиртай.

Орон нутгийн гэсэн сулхан тодорхойлолттой ч тун чухал сонгууль ид явагдаж байгаа шүү, Эрхэм хүндэт Иргэд ээ.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ