Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм

Өнөөдөр олон улсын багш нарын 22 дахь өдөр болон Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна.

Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулсан юм. Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхацдаг байв. Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 05-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжсэнээр ийнхүү энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан билээ. 1996 оны энэ өдөрЮНЕСКО ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Багш нарын статусын тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн олон улсыг стандартыг тодорхойлж өгсөн бөгөөд хууль зүйн заавал дагаж мөрдөх баримт биш боловч боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын статусыг дээшлүүлэх чухал эрх зүйн баримт бичигт тооцогддог. Мөн 1997 оны 10 дугаар сардЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын29 дүгээр чуулганаар “Их дээд сургуулиудынбагшлах боловсон хүчний статусын тухай зөвлөмж”-ийг батлан гаргасан байдаг.

Жил бүрЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ. Мөн багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй мөч юм. Бүх нийтийн боловсролын зорилт болох боловсролын чанарыг сайжруулахад сайн бэлтгэгдсэн багш нар нэн чухал билээ. Бүх нийтийн боловсрол, Мянганы хөгжлийн зорилт, НҮБ-ын Бичигтэн болох 10 жил болон Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил санаачилгын зорилго нь ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн болон амьдралын чанарыг сайжруулах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал, иргэдийн, ялангуяа үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалах зэрэг бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд боловсрол маш чухал үүрэгтэй юм.

Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд 10 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг байна.

Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээ УДЭТ-т болох бөгөөд оны тэргүүний таван багш /Их дээд сургууль, ЕБС/ оны тэргүүний цэцэрлэг сургуульд шагнал гардуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүд, багш нарын төлөөлөл оролцоно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ