Найман мянга орчим иргэдийн ирээдүй бүрхэг боллоо

“Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Зуны гурван сарыг хасаад ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд хэрэгжсэн энэ ажил угтаа иргэдийг ажлын байраар хангах, хүүхэд харах хүнтэй болсноор ажил эрхлэх боломж бүрдүүлэх зэргээр аль аль талдаа ашиг тусаа өгч эхлээд байлаа. Гэвч өнгөрөгч сарын 07-нд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар хүүхэд харах үйлчилгээг зогсоосон шийдвэр гарав. Үүнийг тайлбарлахдаа уг үйлчилгээ ашиггүй байсныг дурдаад, цэцэрлэг байгуулахыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн юм. "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-иар хүүхэд харах үйлчилгээний төсвийг 10.6 тэрбумаас 4.9 тэрбум төгрөгийг танаж 5.7 тэрбум төгрөгөөр баталжээ.
Хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 он хүртэл хойшлуулсан учраас ирэх оны төсөвт уг үйлчилгээний төсөв тусгагдаагүй байна. Энэ шийдвэр мөн л өмнөх засгийнхны хийсэн ажлыг үгүйсгэж, өөрсдөө шинэ ажил гаргаж ирэх гэж байгаа мэт дүр эсгэх ээлжит нэг заль, эсвэл шинэ төрлийн бизнесээ эхлүүлэх арга саам хэмээн хардах хүн ч байна. Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45792 хүүхдийн 6353 нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж, 1305 иргэн ажлын байртай болсон байдаг.
Ямартай ч дээрх шийдвэр хүүхэд харах үйлчилгээг эрхлэгчдийн хөрөнгө мөнгө, цаг зав болон бусад олон талын хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн хэрэг болж байна гэсэн шүүмжлэл дагуулж эхэллээ. Тухайлбал, нэг төв байгуулахад ойролцоогоор 3 сая гаруй төгрөг зарцуулсан гэж эх сурвалж хэлж байна. Тэгвэл энэ хугацаанд нийт 181 хүүхэд харах үйлчилгээний төв ажиллаж байсан гэхээр хагас тэрбум гаруй төгрөг салхинд хийсэх дээрээ тулжээ. Улсаас зохион байгуулсан сургалт болон бусад олон ажил үр ашиггүй болох нь.
Тэд 2021 он хүртэл хаа нэгтээ агуулахад хөрөнгөө хадгалаад хоолгүй хонолтой биш. Буцаагаад борлуулалтай ч биш. Үүнээс гадна хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхлэх боломжтой болсон, эдгээр хүмүүс ч хэрхэхээ мэдэхээ байлаа. Энэ нь мөн л нийгэмд хийсэн бүтээлч ажлаас ухарсан үйлдэл болж харагдаж байгааг олон хүн хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэрийн дагуу нийт 8 мянга орчим иргэд ажлаа өгч, 6 мянга гаруй хүүхэд буцаад гэртээ хүмүүжинэ гэсэн үг.
ХАХНХЯ-аас эхний ээлжинд 2016 оны дөрөвдүгээр улирлын санхүүжилтийг төсөвт батлагдсан хуваарийн дагуу үргэлжлүүлэн олгох хүсэлтийг Сангийн яаманд албан бичгээр хандахаар болсон гэдгээ дуулгалаа. Эргэж буцдаг сурсан зангаараа асуудлыг нааштайгаар шийдвэл ядаж энэ оныг дуустал хүүхэд харах болон харуулах хүмүүс түр ч атугай амар тайван ажиллах боломжтой болж магадгүй л юм.
Гэхдээ эцсийн эцэст хүүхэд харах үйлчилгээ ирэх сонгуулийн нүүрийг үзэх нь тодорхой болсон. Харин тэр болтол одоогийн эрх баригчид цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэхийг илүүд үзэж байгаа аж. Хүүхэд харах үйлчилгээнээс "харамласан" мөнгөөрөө үнэхээр цэцэрлэгийн хүртээмжийг хангалттай болгож чадвал сайн л хэрэг. Тэд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах амлалтаа хэрхэн биелүүлэхийг ард түмэн харах л үлдэж байна. Энэ мэтээр харах, хянах асуудал улам л нэмэгдээд байна даа.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ