Д.Батжаргал: Доллар зах зээлээс гарвал бидэнд ашигтай

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай ярилцлаа.

-Та эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар онош тавих вэ?

-Эдийн засгийн бүтэц системийн гажуудалд орчихсон байна. Гажуудсан бүтэц нь илэрч гарч ирээд, өвчилсөн, хэвтрийн байдалд орчихлоо гэсэн үг. Эдийн засаг гэж юуг хэлдэг вэ гэхээр айл өрх, аж ахуй нэгж зохион байгуулалтад орж, бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлээд, өөр хоорондоо солилцох, гадагшаа гаргах, гаднаас оруулж ирж буй бүхий л явцыг хэлдэг. Эдийн засаг өвдөж сульдаж байгаа яаж мэдэх вэ гэхээр компанийн үйл ажиллагаа доголдоод, ажилгүй иргэн нэмэгдээд эхэлж байгаа дүр төрхөөр харагддаг. Яг энэ талаас нь харах юм бол Монголд одоо байдал хүнд болчихсон. Юунаас болов гээд учир шалтгааныг нь хөөхөөр эдийн засаг өөрөө өрөөсгөл гажиг бүтэцтэй байна. Гажиг бүтэц гэж юуг хэлээд байна вэ гэхээр үйлдвэрлэж бүтээдэг салбар цөөн болохоор гаднаас валют орж ирдэггүй, гаднаас бэлэн бүтээгдэхүүн авчирч зардаг байдлыг хэлдэг. Үйлдвэрлэх салбар доголдчихоор өөр зүйлийг сонирхож эхэлдэг. Манай эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай гэдэг. Уул уурхайгаа явуулах гэхээр өөрийн хөрөнгө байдаггүй. Хайгуул хийх ч хөрөнгө байдаггүй. Тэгэхээр дандаа гадныхан орж ирдэг. Гадныхан ороод ирэхээр газрын доорх баялгийг л хараад байдаг. Монгол иргэдийн амьдрал ахуйг тэд тоохгүй шүү дээ.Төр засаг ч энэ асуудлаа зохицуулаад явж чадахгүй байна. Ингээд л зовлон үүсч эхэлдэг. Хоёрдугаарт, бид өөрсдийн хийж чадах бүтээгдэхүүнийг анхаардаггүй. Мал аж ахуйн гаралтай, байгалийн гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Бидэнд эдгээр салбарт мэргэшсэн инженер, технологич байдаггүй. Байсан ч мал аж ахуйн салбарт бизнес хийгээд, баялаг бүтээх хөрөнгө оруулагч цөөн. Байгаа хэдийнх нь бизнес нүдэн дээр ил харагддаг. Үүнийг хэлээд байх хэрэг байхгүй, ард түмэн өөрсдөө харж байгаа. Энэ салбарыг яагаад барьж авч чадахгүй байна вэ гэхээр манай бизнес эрхлэгчид амар аргаар мөнгө олохыг боддог. Тэд улс төрийн нам дагах юм уу, эсвэл төр рүү шургалахыг санаархдаг. Ийм сэтгэлгээ зонхилсон учраас аж ахуйн салбар хөгжихгүй байна. Дээр нь боловсролын зөв тогтолцоо алга, мэргэшсэн ажилчдыг бэлтгэхгүй байна. Ийм л зүйлээс үүдэлтэй эдийн засаг өвчилсөн, бүтэц муудсан, хэвтэрт орчихлоо.

-Эдийн засгийн хямралаас гарах Засгийн газрын бодлого зөв явж байна уу?

-Өвчилсөн эдийн засгийн цаана олон үйлдвэр, айл өрх байна. Тиймээс яаж эмчилж, сэргээх вэ гэдэг нь чухал. “Бүсээ чангал” гээд татвар нэмэх гээд байх юм. Хэрэв татвар нэмэгдвэл бүгд хэцүү байдалд орно. Хөрөнгө оруулалт хайж байна гээд дахиад зээл авбал өрийн сүлжээ бий болно. Манай улсад зээлгүй айл өрх гэж бараг байдаггүй юм байна лээ. Ийм тохиолдолд хүмүүс цуу яриа, хов живээс аврал хайдаг. Энэ нь популизмын хөрсийг бий болгож, сэтгэлгээний ядуурлыг нэмэгдүүлээд байгаа юм. Хүмүүст өөдрөг итгэл байвал энэ зовлонг гэтлээд тууштай явна. Гэтэл итгэл алдарсан. Бие биедээ, нам засагт, төрд итгэхээ байсан.

-Иргэдийн итгэл хүлээгээд, төр жолоодоод явах чадвартай боловсон хүчин дутагдалтай байна гэх шүүмжлэл их гардаг шүү дээ?

-Тийм. Олон жилийн буруу үйлдлийн барцад ирж байна. Ийм гайг монголчууд амсаад байгаа юм биш. Дэлхий нийтээрээ олон арван жил туулдаг. Эцэст нь ухаарч ойлгодог юм. Монголын хувьд ухаарч ойлгох үйл явц бол 25-26 жил үргэлжилж байна. Дахиад гурав дөрвөн жил үргэлжилж байж хүмүүс ойлгох болов уу. Эдийн засгийн бодлого явуулахдаа зөв бүтэцтэй болгох хэрэгтэй. Тэр бүтэц нь зөв ажиллах механизм, системийг бий болгох хэрэгтэй. Уг нь бүтэц зурахад тун амархан. Монгол Улсад түүхий эд байна. Үүнийг бүтээгдэхүүн болгох арга нь тодорхой. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирэхээр эрэлт бий болно. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжсэн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Зөв зохион байгуулалтад оруулах менежмент байхад цааш явчихна.

-Таны хэлсэнчлэн Монголд баялаг, түүхий эд бий. Гэхдээ юм хийе гэхээр улстөржөөд хойш урагш татаад байдаг тал бий шүү дээ.

-Үүний цаана учир шалтгаан бий.

Ямар учир шалтгаан бий гэж?

-Тухайн төслийг хөдөлгөвөл хэний эрх ашиг хөндөгдөх вэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Тэрхүү төсөл нь Монголын өрх гэрүүдээс хэдэн хүн ажилтай болж, эдийн засагт ямар үр дүн авчрах вэ гэдгийг тодорхой байлгах хэрэгтэй. Ийм зүйл нь тодорхой биш болохоор зарим улс төрчид шүүрч аваад популизм хийгээд байгаа юм. Одоо бол засгийн эрхийг аваад өөрсдөө баяжиж байвал болно гэдэг үзэл рүү шилжчихээд байна. Улс төр гэдэг нь ард түмний эрх ашгийг хамгаалах зорилгоор бодлого чиглэлээ тодорхойлоод явахыг хэлдэг. Ийм зүйл байхгүй болчихоор юунд итгэх вэ. Бидний дунд “Монгол хүн байна даа, арай ч ингэх гэж дээ” гэдэг яриа байдаг. Би бодохдоо төрийн хар хайрцаг гэж бодитой зүйл байдаггүй. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд байдаг юм. “Монгол бүн байна даа” гэдэг чинь хар хайрцгаа хэлж байгаа юм. Одоо төрд хар хайрцаг байхгүй болсон.

-Энэ яриа бага зэрэг улс төрийн чиглэл рүү хазайчих шиг боллоо. Тэгэхээр эргээд эдийн засгийн сэдэв рүү орох нь зүйтэй болов уу.

-Эдийн засаг гэдэг чинь улс төртэй салшгүй холбоотой. Эдийн засаг сайн байвал айл өрх сайхан амьдарна. Тэр сайхан амьдрах боломжийг төр бий болгож өгдөг. Эдийн засаг, улс төр хоёр салшгүй холбоотой байдаг юм.

-Засгийн газар олон улсын валютын сангаас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар уулзалт хийж байна. Энэ хөтөлбөрийн давуу тал болоод сөрөг тал нь юу юм бэ?

-Улс орнууд эдийн засгийн хүнд байдалд ороод ирэхээр хүчээр шийдэх арга руу ордог. Олон улс оронд хүчээр шийдэх шаардлага гарвал дайн бий болдог юм. Дэлхийн хоёрдугаар дайн үүнээсүүссэн байдаг. 60, 70 сая хүний амь үрэгдсэн энэ явдлаас гашуун сургамж аваад Олон улсын валютын санг байгуулсан. Нэг улс оронд онцгой хүнд байдал тохиолдох юм бол тусалдаг байх зорилгоор олон улс нийлээд дундаасаа хөрөнгө гаргасан. Тухайн хөрөнгөөр тогтворжуулах бодлого явуулдаг юм. Ер нь тогтворжуулах хөтөлбөр нь улс орныг хэвийн тогтвортой болгох зүйл шүү дээ. Орчин үед тогтворжуулах хөтөлбөрийн цаана ямар нэг тоглолт хийх гэсэн санаархал байж магадгүй. Үүнийг төрийн нүд чих мэдэж байх ёстой. Ерөнхий агуулгаар нь харвал энэ хөтөлбөр Монголд хэрэгтэй юу. Хэлэлцээ хийж байгаа хүмүүс нь Монголын эрх ашгийг хамгаалдаг хүн үү үгүй юу, мэдлэг чадвар нь болж байгаа юм уу, үгүй юу. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал Монгол Улсад ямар нөхцөл болзол тавиад байгааг мэдэхгүйгээр хэн нэгэн “Стэнд бай” гоё эсвэл муухай гэж ярьдаг.

Долларын ханш ямар учраас өсөөд байгаа талаарх судалгааг Монголбанк гаргаж чадна. Бүх арилжааны банкуудаас валютын хадгаламжийн төрөл хэлбэрээр нь аваад гүйлгээг харахад болно. Ханш их хэмжээгээр өсөх, унахын өмнө валютын хадгаламжийн ямар гүйлгээ хийгдэж байгааг судлах хэрэгтэй. Банкны хадгаламжаас гадна зах зээлд сул мөнгө асар их эргэлдэж байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүдээс асуухаар зарим нэг нь Монгол Улс цэцэрлэг, сургуульгүй байна гэдэг наад захын зовлонг ойлгодоггүй юм гэж тайлбарлах. Зарим нэг нь төсөв хяналттай зарцуулагдана гэж тайлбарлах юм. Харин та юу гэж бодож байна вэ?

-Мэдлэггүй хүмүүс мэдээлэлгүй хүмүүсийн толгойг самууруулах арга. Энэ чинь улстөржилт байхгүй юу. Хэлэлцээр хийж байгаа байгууллага нь ямар шаардлага тавьж байгаа нийтэд зарлах хэрэгтэй. Яагаад зарлаж хэлэхгүй байгаа юм. Цаана магадгүй ямар нэг ашиг сонирхол байж мэднэ. Хөөгөөд бодохоор тийм зүйл рүү орчхоод байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахгүйгээр хямралаас гарах арга зам бий юу?

-Дотоод санхүүгийн системийг зөв болгох хэрэгтэй. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг байдаг.

-Манай улс Хятад улстай худалдаа эдийн засгийн хамгийн өргөн хүрээний харилцаатай байдаг. Тэр утгаараа юань дэлхийн валютын нөөцөд багтаж байгаа нь манайд ашигтай юу?

-Юань валютын нөөцөд орж байгаа нь ашигтай байлгүй яах вэ. Бид долларын ханш өслөө гэж ярьдаг шүү дээ. Доллар зах зээлээс гарвал бидэнд ашигтай. Хятадын том зах зээлийн хажууд Монгол өчүүхэн жижиг будаа. Жижиг байхын давуу тал, том байхын давуу тал гэж байдаг. Монгол Улс том болж чадахгүй учраас жижиг байхын давуу тал нь валют дээр гарч ирнэ. Юань олон улсын валютын нөөцөд багтаж байгаа нь олон давуу талтай. Гурав, дөрвөн жилийн өмнө Хятад, Солонгос, Япон гурван улс хоорондоо зөвхөн үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр арилжаа хийнэ гэдэг гэрээ байгуулж байсан. Гэтэл Хятад улстай Монгол Улс ямар валютаар худалдаа хийгээд байгааг тэр бүр мэдэх боломжгүй. Хятадад очихоор доллараар арилжаа хийх хориотой. Монгол ч гэсэн хорьсон. Гэсэн атал яагаад доллар Монголын валютын ханшийг тодорхойлдог болчхоод байгаа юм. Үүний цаана ямар учир шалтгаан байгааг олох хэрэгтэй. Хятадаас хамаг юм аа авч, гаргаж байгаа энэ үед юань олон улсын валютын нөөцөд багтана гэдэг маш чухал. Валютын ханшийг яаж тогтоох ёстойг сонирхож судлах хэрэгтэй. Үнэхээр ил тодоор цахим хэлбэрээр ханшийг авах өгөлцөх арилжаа хийгддэг бол ингэж өсөх үү үгүй юу. Ханш өсч байгаагийн цаад учир нь их валюттай хүн валютаа зарахын тулд ханшийг өндөр болгож байж мэдэх юм. Хэрэв валют авахаар бол ханшийг унагана биз дээ. Ийм л тоглолт Монголд хаа сайгүй хийгддэг шүү дээ. Ганц валют дээр ч биш. Бүх бараа үйлчилгээ дээр хоорондоо тохироод л хийчихдэг юм. Ийм шударга бус өрсөлдөөнийг үгүй хийхийн төлөө тэмцэх ёстой.

-Долларын ханш өдөр ирэх тусам өсч байна. Энэ нь валютын хадгаламжтай холбоотойгоор зохиомол хомсдол бий болгож, ханшийг зориудаар нэмэгдүүлээд байна гэж хардах хүмүүс байна. Таны бодлоор ямар учраас ханш өсөөд байна вэ?

-Долларын ханш ямар учраас өсөөд байгаа талаарх судалгааг Монголбанк гаргаж чадна. Бүх арилжааны банкуудаас валютын хадгаламжийн төрөл хэлбэрээр нь аваад гүйлгээг харахад болно. Ханш их хэмжээгээр өсөх, унахын өмнө валютын хадгаламжийн ямар гүйлгээ хийгдэж байгааг судлах хэрэгтэй. Банкны хадгаламжаас гадна зах зээлд сул мөнгө асар их эргэлдэж байгаа. Сүүдэрт байдаг мөнгө бол албан тооцоонд нэг их ороод байдаггүй жижиг үйлдлээр хийгдэнэ. Үүнийг судлаад үзвэл мэдэгдэнэ дээ.

-Долларын ханшийг хязгаарлахын тулд яах ёстой юм бэ?

-Доллараар гаднаас юм авах хэрэггүй. Бүтээгдэхүүн хийгээд доллараар зар гэсэн үг. Энэ нь явсаар эдийн засгийн бүтцэд нөлөөлнө. Тиймээс л эрүүл саруул санхүүгийн тогтолцоо хэрэгтэй байна. Гэхдээ ийм бодлогыг богино хугацаанд хийдэггүй, дунд хугацаанд бодлоготой хийдэг.

-Төгрөгийн ханшийн уналтаас сэргийлж Монголбанк бодлогын хүүг нэмсэн. Энэ арга хэмжээ үр дүнгээ өгөх үү?

-Бодлогын хүү зургаан сарын хугацаанд үр нөлөөгөө үзүүлж эхэлдэг. Манайхан гэнэтийн зүйлд дуртай. Өвдөөд ирэхээр антибиотик авч уугаад эдгэнэ гэж боддог. Гэтэл зарим тохиолдолд байдал эсрэг тийш хандаж болно.

-Эдийн засгийн хямралтай үед том төслөө хөдөлгөж, орлого олох хэрэгтэй гэж яригдаад байна. Яг одоо том төслөө хөдөлгөх цаг мөн үү?

-Ямар эрх ашиг байна вэ гэдгийг гаргаж ирээд тавих хэрэгтэй. Том төслийн цаана хэний том эрх ашиг байна гэдгийг гаргаж ирэхгүйгээр хөдөлгөх юм бол ард түмний өмч цөөн хэдэн хүний эрх ашиг болж мэднэ. Том төслөө хөдөлгөх үү, үгүй юу гэдэг нь үзэл суртлын дайн. Үүний цаана улс төрийн эрх ашиг сонирхол, популизм байна. Эдийн засаг гэдэг чинь ингээд л улс төр рүү орчихдог байхгүй юу.

-Том төслөө хөдөлгөх хэрэгтэй гэдэг өгүүлбэрийн цаана хэн нэгний эрх ашиг явж байж мэднэ гэж та хэлэх гээд байна уу?

-Магадгүй шүү дээ.

Танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ