Хотын даргаас хүлээх 15 ажил

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг НИТХ саяхан баталсан. Хаана, хязгаарлана, түгжинэ гэхгүйгээр иргэн төвтэй, нийтийн эрх ашгийг дээдэлсэн, 2020 оны Улаанбаатарын ирээдүйг харсан ийм хөтөлбөр. Эдийн засаг, хот байгуулалт, байгаль орчин, нийгмийн хөгжил, засаглал гэсэн таван бүлэгт хуваасан энэхүү 121 заалтыг хэрэгжүүлэхэд нэгдүгээрт төсөв хөрөнгө, хоёрдугаарт олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хотын дарга Су.Батболдын баг өнгөрсөн жилүүдэд иргэдийн сэтгэлд нийцсэн ажлуудыг зогсоохгүй, үргэлжлүүлээд авч явна гэдгээ амалсан. Хотын удирдлагуудын дэргэд Зөвлөхүүдийн, Эрдэмтдийн, Экспертүүдийн зөвлөл ажиллах учраас шинжлэх ухаан, технологийн хөгжилд суурилсан, иргэдийн амьдралд нийцсэн ажил гараас нь гарна гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Зөвлөхүүдийн зөвлөлд л гэхэд үе үеийн НИТХ-ын дарга нар ажиллах жишээтэй. Тэд төрийн санах ой, ажлын туршлагаар хотын шинэ удирдлагуудад тусалж, хамтдаа баг болоод ажиллах биз ээ. Бид хотын даргын ирэх дөрвөн жилд хийх ажлаас 15 багц ажлыг онцолж байна.
1. Эхлээд хотоо өмхий үнэрээс, Туул голоо бохироос салгана. Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, хоногт 250 мянган шоо метр бохир цэвэрлэх байгууламжийг шинээр барина. Суурьшлын шинэ бүс, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжууд шинээр барина. Ингэснээр цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усны түвшин 85-аас дээш хувьд хүрч, Туул голын бохирдол буурч, өмхий үнэртэхээ болино.
2. Дараа нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулна. Малын захыг мах боловсруулах үйлдвэрийн хамт хотын баруун, зүүн бүст байгуулж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн баталгаат бүтээгдэхүүнээр нийслэлийг хангана. Малын гоц халдварт өвчин, эрсдэлтэй бүс нутгаас томоохон захуудад мах оруулж ирдэг байдлыг зогсооно. Эрүүл, баталгаатай хүнсийг нийслэлд худалдах сүлжээг боловсронгуй болгоно.
3. Хөшигийн хөндийн хурдны замыг барьж, Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ. Төмөр замтай огтлолцсон зам уулзварт нүхэн болон гүүрэн гарцууд шинээр барина. Газар дээрх болон доорх давхар зогсоолууд барьж, нийслэлийн авто зогсоолыг хоёр дахин нэмнэ. Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүр болон Улаанбаатар-Налайх чиглэлд шинээр авто зам барина. Баруун болон Зүүн 4 замд олон түвшний огтлолцол байгуулна.
4. Зам барих бол заавал ус зайлуулах шугам хийлгэнэ. Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах байгууламж, борооны ус зайлуулах шугамыг өргөтгөж, Ганцхудаг, Баянхошуу, Баянголын ам, Сүхбаатар дүүргийн 13, 14дүгээр хороонд үеийн хамгаалалтын байгууламж шинээр барина. Ширүүхэн бороо орох бүрт үерт автдаг, зам харгуй эвдэрч, автомашинууд хөвдөг байдал үгүй болох ёстой.
5. Хотоо тэлж, төвлөрлийг сааруулна. Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын орчимд “Аэро сити” шинэ хот байгуулна. Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулна. Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлж, хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулна.
6. Бизнес эрхлэгчдэд төрөөс олгож буй тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөрүүлж, бичиг баримтын дарамтыг багасгана. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын санг Улаанбаатар хотод нээхийг дэмжинэ. Хотын татварын эрх зүйн орчинг сайжруулж, боловсронгуй болгоно. Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг дэмжиж, өрх бүрийг орон сууцтай болох боломжийг бүрдүүлнэ.
7. Эмээлтэд ноос ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт нийлүүлэх чиглэлээр Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Багануур дүүрэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эхлүүлнэ. Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах эхлэлийг тавина. Бизнес инкубатор төвийг дүүрэгт бүрт бий болгож, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
8. “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид төрийн албыг бэхжүүлсэн хот тунгалаг хот болно. Төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгож, дотоод хяналтыг сайжруулна. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор байргүй есөн хороонд цогцолбор барилга шинээр барина. Архив, газрын харилцаа, эрүүл мэнд, төлбөр тооцоо, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн цагийг хэмнэнэ. Камерийн хяналт, гэрэлтүүлэг, олон нийтийн цагдаа, аюулгүйн матриц зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдээ амар тайван, аюулгүй хотод амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
9. Түгжрэлийг багасгах зорилгоор тусгай замын автобус /BRT/-ыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ. Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нисэх онгоцны шинэ буудлыг Улаанбаатар хоттой төмөр замаар холбох, Богд хан төмөр замыг барьж байгуулах ажлын судалгааг холбогдох байгууллагатай хамтарч хийнэ. Их, дунд багтаамжийн 400 автобусаар парк шинэчлэл хийнэ.
10. “Жаргалтай үрс” төслийн хүрээнд хороо бүрт цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсрол хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ. 50 сургуулийг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлнэ. Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг бүрдүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулна. Нийслэлийн Боловсролын газрын дэргэд “Мэргэжил сонголт” зөвлөх үйлчилгээний төв байгуулж, эцэг, эх, сурагчид зөвлөн тусална.
11. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлнэ. Иргэдийг чихрийн шижин, цусны даралт ихсэх, халдварт өвчнөөс сэргийлэх үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулна. Өрхийн 20 эмнэлэг шинээр барьж, нийслэлд хүүхдийн төрөлжсөн хоёр эмнэлэг шинээр барина. Орчин үеийн төхөөрөмжөөр тоноглосон загвар нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрханд барина. Түргэн тусламжийн төвүүдэд түргэний машинуудыг нэмж, 20 минутын дотор дуудлагаар очих боломжтой болгоно. Шүд, эрүү, нүүрний төв шинээр барина.
12. Орчин үеийн шинэ цэнгэлдэх хүрээлэн барина. Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Баянгол, Чингэлтэй дүүрэг тус бүрт спорт цогцолбор барих ажлыг эхлүүлнэ. Монголд багийн спортыг хөгжүүлэх зорилгоор хотын захирагчийн нэрэмжит “Улаанбаатар лиг” гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг сурагчдын дунд жил бүр зохион байгуулна. Нийслэлийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Улаанбаатар cup” тэмцээнийг жил бүр зохион байгуулна. Мөн “Мөнгөн Улаанбаатар” өвлийн наадам, Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн болон Нийслэлийн спортын наадмыг зохион байгуулна. Урлагийн болон, нийтийн биеийн тамир идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин нөхцөлийг бүрдүүлж, бүх талаар дэмжинэ.
13. Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйланг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулж, хувийн хэвшлийг дэмжих замаар секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмнэ. Хүүхдийн зуслан, тоглоомын талбай, биеийн тамирын талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмнэ. Хүүхдийг мансуурал, донтолт, цахим орчны нөлөөлөл, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр төр, хувийн хэвшил, эцэг, эхтэй хамтарч ажиллана. Нийслэлд сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн бямба гаригт “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэж хэвшүүлнэ.
14. Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулж залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настныг сургалтад хамруулж 50 мянган мэргэжилтэй ажиллах хүчинг бэлтгэнэ. “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудад хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой болгоно. Бичил бизнес эрхлэгчдийг “Итгэлийн зээл”-д хамруулж, бизнесийг нь дэмжинэ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес инкубаци төв байгуулж, үйл ажиллагааг нь дэмжинэ.
15. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв шинээр байгуулна. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Нийгмийн хамгааллын тусгай төв”-ийн үйл ажиллагааг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, сурах, амьдрах очрин нөхцөлийг бүрдүүлнэ. Нийслэлийн Засаг даргын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл ажиллуулна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ