Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-д миний сонирхол байхгүй

МСНЭ-ээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. МСНЭ-ээс жилд нэгээс хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлчидтэй уулзуулж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцуулж байх саналыг өмнө нь тавьж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү саналыг хүлээн авч сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтыг ийнхүү зохион байгуулав. Уг уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгөв.

Сэтгүүлчид "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон асуудал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нарын удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад хөндөгдсөн сэдэв зэрэг нийгмийн зүгээс хариулт хүлээж байгаа асуултуудыг асууж, Төрийн тэргүүн тэдгээрт дэлгэрэнгүй хариулсан юм.

Тэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар хэлсэн үгэндээ ““Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй, цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий.

“Эрдэнэт”-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн ард гурван том бий гэсэн мэдээлэл гарсан. Өмнө байсан УИХ, Ерөнхий сайд өөрчлөгдсөн. УИХ-ын дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг дөрвөн томын нэг л дээ. Гурван томын оролцоо байсан гэдэг ч юм уу, янз бүрийн оролцоо байсан гэж би хувьдаа мэдэхгүй.

Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй.

Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан юм харагдаж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр.

Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа.

Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төр гэж харж байна.

Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд харж байгаа. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.

Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг.Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл."

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар ангиа төгсөөд анх Эрдэнэт үйлдвэрт ажилд орж, анхны цалингаа авч байжээ. Түүнлчэн энэ л газраас Ардын их хурлын депатутаар сонгогдсон гэдгээ энэ үеэр дурдсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ