Ж.Батзандан: Валютын сан 300 сая доллароос дээш мөнгө өгөхгүй шүү

УИХ-ын чуулган 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна гэсэн мэдээлэл авлаа. Валютын сан 300 сая доллароос дээш мөнгө манайд өгөхгүй шүү. Валютын санд хөтлөгдөөд цааш явах гээд байна уу? Валютын сантай тусгай гэрээ хэлэлцээр хийгээд явах уу? Оюутолгой дээр анхаараач Ерөнхий сайд аа. Энэ компанийн орлого Монголын эдийн засгаас гадуур тойрч яваа шүү. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харахгүй бол Оюутолгой мэт хуурамч төсөл Монголд туслахгүй шүү." гэлээ.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Миний бие олон салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Ихэнх салбарын төлөөлөл дэмжиж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Тиймээс шинээр гурван сан нэмж байгуулахаар төсвийн төсөлд тусгасан. Засгийн газрын гол шийдвэрлэх ёстой асуудал бол өр төлбөрийн асуудал. Тиймээс одоогийн байгаа нөхцөл байдлаас дордуулахгүйгээр зээлийн төлбөрийг төлнө.Чойжилсүрэн сайд Олон улсын валютын сангийн намрын уулзалтад оролцсон. Түүнээс зээл тусламж ярихаар яваагүй. Энэ аравдугаар сард Олон улсын валютын сангаас манай улсад ирж эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийнэ. Тэрхүү дүгнэлтийн дараа тусламж авах эсэхээ шийдвэрлэнэ" гэсэн хариулт өглөө.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ