УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн талаар хатуу шүүмжлэлүүд хэлсэн. Хариуд нь дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Би УИХ-ын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагаас мэдээлэл авч, асуудал дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн талаар татвар болон бусад газруудаас мэдээлэл авсан. Намайг бараг Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа гээд Ц.Элбэгдорж өнөөдөр юм ярьчихсан юм аа даа. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад 49 хувийг нь авчихсан юм уу хаашаа юм. Энэ одоо юу яриад байгаа юм.
Энэ асуудлаар надад Засгийн газарт ч байхгүй мэдээлэл байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө. Зургаадугаар сарын 29-нд Ташкентад гурван улсын уулзалт болоход ХХБ-ны О.Орхон нь өөрөө очиж эцсийн цэг тавьсан. Би үүнийг л хэлсэн юм. Одоо мэдэн будлиад байж хэрэггүй.
“Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн байдлыг намын бүлэгт гаргаж өгсөн мэдээлэл байна. Наймдугаар сарын байдлаар улсын төсөвт 20 тэрбум төгрөг оруулсан байсан юм. Есдүгээр сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна гэж ТЕГ тайлан гаргаж өгсөн байна. Ноднин жил 323 тэрбум төгрөгийн татвар төлж байсан юм. Тэгэхэд “Эрдэнэт”-тэй адилхан үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” есдүгээр сарын мэдээгээр улсад 278 тэрбум төгрөг татварт төлчихсөн байна.
278, 54-ийн хооронд асар их ялгаа байгаа биз?
Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна. Өчигдөр хоёр сэтгүүлчийг надаас 45 сая төгрөг авч нэвтрүүлэгт орсон гэж гүтгээд өнөөдөр орой ХХБ-ны О.Орхон, Эрдэнэтийн Даваацэрэн гэх хүмүүс сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх ажлыг зохион байгуулах гэж байна. Ингээд луйврын бүх ажиллагаа явагдана даа.
Хуйвалдааны бүлэг ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад улсыг чинь самарчих гээд байгаа учраас би юм яриад байгаа юм. Зургадугаар сарын 13-нд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээс татгалзах хуралд Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан ороод танилцуулсаар байгаад тэр шийдвэрийг гаргуулсан юм байна лээ. Хуулийн зөвлөх нь Пүрэвтүвшин, нэгдүгээр орлогч Орхон гэдэг хүн ороод сайд шиг танилцуулж байгаад энэ шийдвэрийг гаргуулсан” гэлээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ