Ерөнхийлөгч: Энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт би итгэж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Бид өмнө нь түүний "Эрдэнэт" үйлдвэрийн талаар илэрхийлсэн байр суурийг хүргэсэн. Харин энэ удаад олон жилийн туршид олны анхааралд байгаа С.Зориг агсны амь настай холбоотой хэргийн талаар түүний хэлсэн онцлох үгсийг хүргэж байна.

"Би Ерөнхийлөгчийн албанд томилогдсон өдрөөсөө эхлээд л С.Зориг агсны хэргийг илрүүлэх хэрэгтэй гэж бодож ирсэн.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа.

Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг.

Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа.Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан.

Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.

Би хуулийнхан сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй.

Энэ хэргийг эхнээс нь тагнуулын байгууллагад харьяалагдсан учир нууц байгаа байх. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт би итгэж байна.

Аюулгүйн зөвлөлөөс С.Зоригийн хэргээр тусдаа зөвлөмж ч гаргасан."

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ