Х.Баттулга, А.Гансүх нарын хамсаатан Ч.Ганбатын хэргийг тусгаарлажээ

Жил дамнан хуулийн байгууллагад шалгагдаж байгаа “Шинэ төмөр замын хэрэг” хэмээн нэрлэгдэх болсон хавтаст хэрэг шалгагдаж, мөрдөн байцаалтын хугацаа дуусах шатандаа оржээ. Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгыг энэхүү хэрэгт холбогдуулан барих гэж байна, хорих гэж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй тарсан ч тэгсхийгээд намжсан.

Харин сонгуулийн дараа түүнийг “Цагдан хорих нь тодорхой” гэсэн албан бус мэдээлэл гарсан ч бас намжсан. УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарын толгойлсон гэх хэрэгт олон хүн холбоотой байгаа. Тэдний нэг нь үнэн “зарц” Б.Батзаяа санхүүгийн зуучлагч, гол зөвлөгч нь гэгддэг “Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын “Самсунг Си Ти” компанийн хэд хэдэн захирлуудыг шалгаж байгаа юм. Тэгвэл Ч.Ганбат нь оргон зайлаад удаж байгаа бөгөөд АНУ-ын иргэн болсон гэх мэдээлэл байгаа юм. Хилээ гараад ор сураггүй болсон түүнд холбогдох хэргийг бусдынх нь хэргээс тусгаарлаж түр хугацаагаар түдгэлзүүлсэн гэх албаны мэдээлэл байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт тагнуул болон эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн Төрийн ордонд очиж зарим бичиг баримтуудтай танилцсан хэмээн эх сурвалж мэдээлсэн. Энэхүү шалгалтыг төмөр замын хэрэгтэй холбогдуулан хийсэн гэх ба АН-ын эрх барьж байх үеийн “маш нууц” гэх баримт бичгүүдтэй танилцжээ. Төмөр замын хэрэгт холбогдсон гэх хүмүүсийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон гэх ба зарим шаардлагатай бичиг баримтыг хэрэгт хавсаргах үүднээс дээрх шалгалтыг хийсэн байна.

Жил дамнан шалгасан энэхүү хэрэгт, хил давж зугтсан хүмүүсийн хэргийг тусгаарлаж, монголд байгаа хэд хэдэн хүнийг яллагдагчаар татахаар болсон гэх мэдээлэл байна. Хэргийн тухайд, шинэ төмөр зам тавина гэсэн нэрийдлээр их хэмжээний мөнгө угааж, хувьдаа завшсан гэх эдгээр хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг АТГ болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн ахлах мөрдөн байцаагчид шалгасаар байгаа.

Улсын ерөнхий прокурорын газраас болохоор “Х.Баттулга нартай холбоотой гэх хэрэг өргөс авах дайны хэрэг бишээ. Их ээдрээтэй, эдийн засгийн хэрэг болохоор төвөгтэй байна. Тиймээс удаан хугацаанд шалгаж байгаа юм. Шалгаагүй биш шалгаж байгаа. Хэрэгсэхгүй болгосон, хаасан энэ тэр гэх нь худлаа юм шүү” гэсэн юм. Харин энэ хэрэгт хяналт тавьж байгаа Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман өнгөрсөн наймдугаар сард сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан байгаа. УИХ-ын экс дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүх, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ