Эрх баригчдыг "аврах" шийдвэрүүд

МАН сонгуулиар үнэмлэхүй олонхи болж, Засгийн газраа байгуулснаас хойш 100 дахь өдөр нь тохиох гэж байна. Энэ өдөр өнгөрсөн 100 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, гаргасан шийдвэр, үр дүнгээ тайлагнах учиртай. Харин амралтын өдөр таарч байгаа учраас ирэх даваа гарагт тайлагнах болов уу гэж харж байна. Урьдчилсан байдлаар иргэд Засгийн газрын хийсэн ажлыг бүртгэж, дүгнэж ирсэн бөгөөд энэ хугацаанд олон амлалтаасаа ухарсан ч эргэж харсан шийдвэрүүд нь тэднийг өршөөх шалтаг болж болох юм.
Эргэж буцсан буюу хойшоо хоёр, урагш нэг алхсан зарим шийдвэрүүдийг энд дурдъя. Өөрөөр хэлбэл, одоогийн болон өмнөх эрх баригчдын 2 үеийн амлалт, шийдвэрүүдийг үгүйсгэж ухарч хоёр алхаж байтал ард олны шүүмжлэл, асуудалтай тулахын цагт эргэж урагш нэг алхам хийдэг байдал энэ засгийн үед бараг хэвшил болох нь. Үүнийг орон нутгийн сонгуультай холбон тайлбарлах нь ч бий. Ингээд МАН-ын эргэж буцсан нааштай шийдвэрүүдээс товч дурдъя.
-Хамгийн их хүлээлттэй бөгөөд хэрэгжих хугацаа нь тулаад байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоохоор болсон. Харин нийгмийн дундаас хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой цуурайтсанаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт уг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьж амжсан.
-Ипотекийн зээлийг зогсоосон. Харин дараа нь шинэ журмаар энэ ажлыг үргэлжлүүлэх тайлбартайгаар дахин гаргаж ирсэн. Ингэхдээ таван хувийн зээлийг бүрмөсөн зогсоож, найман хувийн зээлийг үргэлжлүүлэхээр болсноо зарлав.
-Хүүхдийн мөнгийг зогсоох асуудал дэвшүүлсэн нь мөн л иргэдийн бухимдал, хатуу шүүмжлэлтэй нүүр тулсан. Хүүхдийг ялгаварлалгүйгээр мөнгө олгоно гэсэн өмнөх болон одоогийн эрх баригчдын ажил, амлалтыг зөрчиж, нийт өрхийн 60 хувьд нь яг одоо, үлдсэнд нь гурван жилийн дараа олгоно гэв. Уг нь ялгаварлаагүй, бүгдэд нь олгож байгаагаас өөрцгүй гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгч байгаа боловч хугацааны хувьд ялгавартай байгаа нь айл өрхийг боломжтой, боломжгүйгээр ялгасан бас нэг хэлбэр гэж үзэж болох юм.
-Төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг хасахаар болсон. Харин энэ шийдвэрээ буцааж хуучин хэвээр нь мөрдөх болсон гэдгээ Ерөнхий сайд сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүдэд ч ард олонд ч дахин дахин тайлбарлаж байгаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоов. Гэхдээ мөн л шинэ журам боловсруулж, өөр аргаар энэ ажил үргэлжлэхээр болов.
-Баар цэнгээний газрыг 00:00 цагт хаахаар болсон тухай мэдээлэл нэлээд цацагдсан. Харин нийслэлээс ийм шийдвэр гараагүй хэмээн няцааж, шөнөжин ажиллахыг хүссэн цэнгээний газруудад өндөр шаардлага тавьж ажиллана гэж мэдэгдсэн юм.
-Сайн хөтөлбөрүүдийг зогсоосон. Энэ шийдвэрийн хүрээнд зөв, буруу гэсэн хоёр талын байр суурь иргэдийн дунд харагдаж байлаа. Харин эрх баригчдын зүгээс сайн нэрийг хассан төдий л дүр зураг ажиглагдаж байгаа юм. Учир нь сайн хашаа, сайн оюутан, сайн хувьцаа зэрэг хөтөлбөрүүдтэйагуулга нэг амлалтууд МАН-ын мөрийн хөтөлбөрт бий. Хэрэгжээд эхэлсний жишээ нь оюутны хөгжлийн зээл.
-Оффшортой гишүүдэд шалгалт хийхийг зогсоов. Гэхдээ оффшорчдыг хаацайлах нь асуудал дагуулах тул оффшорчдыг ялгаж, салгах ойлголт оруулж ирэв. Өмнө нь өргөн бариад байсан хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд болон тэдний гэр бүлийн гишүүд, оффшор бүсэд данс эзэмших, мөн тус бүсэд байрлах аж ахуй нэгж байгууллагын хувьцаа эзэмшихийг хориглохоор тусгасан байдаг. Харин Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг дахин боловсруулаад, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхээр болсон.
Харин давхар дээл, дэд сайд нарын асуудал гээд хөндөөд эхлэх юм бол төвөгтэй болно.
Эцэст нь өвдөг сөхөртөл өрөнд баригдуулсан гэх АН-ын үйл хэргийг үргэлжлүүлэх тактик МАН-ын ч авралын гарц болж харагдсан бололтой.
Энэ бүгдээс үзэхэд, эрх баригчид зөөлөн чихтэй ч юм шиг, эсхүл туйлбаргүй ч юм шиг, үгүй бол хоорондоо уялдаа холбоогүй ажиллаад ч байх шиг. Харин олон нийтийн дүгнэлтээр бол сонгууль дуусаагүй байхад урьдчилан дураараа, сөрөг шийдвэрүүд гаргаж байгаа нэгнийгээ аварч гарахын тулд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь эргүүлээд ард түмний ашиг сонирхолд нийцүүлэх арай нааштай алхамуудыг хийж байна гэнэ. Тэгэхээр уялдаа холбоотой байж нэг асуудалд нэг байр сууринаас хандаж мэдээллийг түгээх нь төрийн хийгээд намын нэр хүндэд ч чухал нөлөөтэй.
Ямартай ч 100 дахь өдрийн тайланд олон нийтийн таашаалд нийцэхүйц зарим нэг нааштай шийдвэрүүд дурдагдах нь тодорхой болжээ. Үгүйсгэж, зогсоож байсан зарим шийдвэрүүдээ өөрчилсөн нь Засгийн газрын эерэг үзүүлэлтийг нэмэх боломжийг бүрдүүлэх нь лав. Учир нь хямралыг даван туулах арга замаа эгэл борчуудаасаа эхлүүлэх нь эдийн засгаа сэргээх хамгийн оновчгүй арга төдийгүй сөрөг үр дагавар авчирна гэдгийг олон түмэн бухимдалтайгаар хэлэлцэж байна. Иймийн учир ардын эсэргүүцлээс аврах энэ мэт ажлуудыг үргэлжлүүлэх аваас "ар нь түүз" болох алтан боломж тэдэнд бий.
Гэсэн ч сонгуулийн дараа хүн бүрийн үнэн төрх илэрч улс орны өөдлөх, уруудах заяа шулуун замаар шийдэгдэх болно. Хэрхэхийг тэд мэднэ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ