АНУ хоёр шинэ атомын бөмбөг туршжээ

B-2бөмбөгдөгч нисэх онгоц

АНУ-д атомын шинэчилсэн В61-7 болон В61-11 бөмбөгийг амжилттай туршжээ. Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар (NNSA) ингэж мэдээлсэн байна.

В-61 бөмбөгийг үндэслэн бүтээсэн цөмийн цэнэгт хушуугүй хоёр бөмбөгийг үл үзэгдэгч В-2А нисэх онгоцноос Невада муж улсын Тонола туршилтын талбайд хаяжээ. “Хоёр туршилт амжилттай болсныг олон мэдрэгчид хийсэн дүн шинжилгээ болон бүхээгийн бичлэгийн аппаратын мэдээ сэлт харуулж байна” гэж мэдээнд дурджээ.

Шинэчилсэн бөмбөгүүдийн найдвартай ажиллагаа, тусгалыг шалгах нь АНУ-ын агаарын цэргийн хүчинтэй хамтран хийж байгаа туршилтын гол зорилго болохыг NNSA тэмдэглэсэн байна.

“В-61 бөмбөг нь АНУ-ын стратегийн цөмийн хүчний нэн чухал бүрдэл хэсэг болон тогтоон барих хэрэгслийн нэг юм” гэж NNSA-гийн тэргүүний орлогч, бригадын генерал Майкл Луттон мэдэгджээ.

Атомын шинэчилсэн бөмбөгийн өмнөх туршилтыг 2015 оны 11 дүгээр сард хийсэн байна. Тэгэхэд бөмбөгийг “бодит байдалд ойрхон жолоодлогот нислэгийн нөхцөлд” F-15Е сөнөөгч нисэх онгоцноос хаяжээ. Туршилтын үеэр гацаа гэмтэл гараагүй бөгөөд телеметрийн мэдээлэл цуглуулж, дүрс бичлэг хийсэн байна.

Нисэх онгоцны В61-12 бөмбөгийн шинэчилсэн загварын нислэгийн анхны туршилтыг долдугаар сарын 01-нд хийжээ. В61-12 бөмбөг нь 1960-аад онд хийсэн америкийн цөмийн зэвсгийн хамгийн орчин үеийн загвар гэнэ. Нисэхийн бөмбөгийн сүүлчийн хувилбар нь бүрэн удиридлага болон сүүл хэсгийн жолоодлоготой байх бөгөөд ингэснээр бөмбөгийн нислэгийн явцад засвар оруулж байх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ