Ц.Элбэгдорж: Улстөрч дараагийн сонгуулиа боддог

“МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Сэтгүүлчидтэй хийх уулзалтаа албан ёсоор нээж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бүхний амгаланг айлтгая. Уулзалтыг асуулт, хариулт хэлбэрээр явуулсан нь дээр байх гэж бодож байна. Асуултад ямар нэгэн цензур хориг байхгүй. Та бүхэн чөлөөтэй асууж болно. Олон хэвлэл мэдээллийн хүмүүс ирсэн байна. Тиймээс бусдыгаа хүндэтгээд нэг хүн хоёр асуулт тавих гэх мэтээр явбал олон хүмүүс асуулт тавих боломж гарах байх гэж найдаж байна. Өмнө нь хэвлэлийнхэнтэй уулзаж байсан. Тэр цагаас хойш нэг л том өөрчлөлт гарлаа шүү дээ. Монгол Улсын хууль тогтоох эрх мэдэл, Монгол улсын гүйцэтгэх эрх мэдэл нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд тайван замаар, сонгуулиар шилжсэн байгаа.
Асуулт богинохон байвал зүгээр байна. Нэг өгүүлбэрт багтаагаад манай сэтгүүлчид асуух байх гэж бодож байна. Уулзалтыг тодорхой телевизүүд шууд дамжуулж байгаа юм байна лээ.Тэгэхэээр үзэгчид, ард иргэдээ хүндэтгэж ярилцъя гэж бодож байна. Бүх л насны хүмүүс биднийг харж үзэж байгаа байх.
“МСНЭ”-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Манай өнөөдрийн уулзалтыг МҮОНТВ, Ийгл телевизүүд шууд дамжуулан хүргэж байна. Ингээд асуултаа эхэлье.
“МҮОНТВ”-ийн Монголын мэдээ агентлагийн сэтгүүлч Батнягт: Ерөнхийлөгч өө, сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр их тавигдаж байна. Нийгмийн анхаарлыг их татаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.
“Eagle”телевизийн сэтгүүлч Ганзориг: ҮАБЗ-өөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яагаад хэлэлцээгүй юм бол, үүнтэй холбоотойгоор МАНАН-гийн төр гэж яг юу юм бэ? Таныг үүний ард байгаа гэж Ардчилсан намын лидер хоёр хүн мэдэгдсэн учраас асууж байна. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын мэдэгдэлтэй холбоотойгоор асууж байгаа юм.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Уянга: Нямдорж дарга хэлэхдээ Эрдэнэтийн 49 хувьд төрийн гурван өндөрлөгийн оролцоо байгаа гэж хэлсэн. Төрийн гурван өндөрлөг гэхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарна. Танд Эрдэнэтийн 49 хувьд хувьцаа байгаа юу?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Хулан: Өчигдөр Засгийн газар Эрдэнэтийн асуудал хууль бус гэдгийг хэлсэн. Хууль бус юм бол тэр хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой вэ? Энэ тал дээр таны байр суурь юу байна?
“25-р суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал: Хэвлэлээр гарсан хоёр ярилцлагын талаар асуумаар байна. Малыш Энхтүвшин гэдэг хүний ярилцлага байсан. Ерөнхийлөгчид мессэж бичихээр үг үйлдэл болдог гэсэн утгатай байсан. Хоёр дахь нь Х.Тэмүүжин гишүүний нэг ярилцлага байсан. Монгол Улс буцаад коммунист дэглэм рүүгээ буцаж байна гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Энэ дээр санал бодлоо хэлээч?
“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Туул: С.Зоригийн хэрэг илрэх гэж байна гэж бичиж байсан бол одоо илэрчихсэн гэсэн яриа нийгэмд гараад байдаг болчихлоо. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?
“Эх орон” телевиз “Үндэсний мэдээ” сонины эрхлэгч Ш.Даваадорж: Эрдэнэтийн 49 хувь дээр Оросын талын байр суурь ямар байгаа юм бол? Оросын тал стратегийн ач холбогдолгүй гэж үзсэн юм болов уу? 49 хувийн шуугианы хажуугаар бид төмөр замаа Оросын талд тавиад туучихаж байгаа юм биш үү гэсэн хардалт байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эхний асуулт. Эрдэнэтийн хувьчлал гэсэн нэр томьёог сэтгүүлч хэрэглэлээ. Миний харж байгаагаар энд ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гаднын улс оронд байсан, гаднын аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн байгаа юм.
Хэрвээ хувьчлал явагдахаар байгаа бол Монгол Улсын Засгийн газар хуралдаж хэлэлцээд, УИХ–аар шийдээд, хувьчлалын хөтөлбөрт ороод, ингэж шийддэг. Тэгэхээр нэр томъёоны хувьд ингэж ойлговол зүгээр байх.
ҮАБЗ дээр энэ асуудал яригдсан уу гэж асууж байна. Энэ дээр би товчхон хариулахад бүх л Засгийн газар 1990-оноос хойш Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, Монголросцветмет гээд ОХУ-тай холбоотой асуудлаар үргэлж ярьж, хэлэлцэж ирсэн.
Энд би нэг түүх өмнө ярьж байсан. Их өрийн асуудлыг 2003 онд ярьж байхад манай хоёр талын эдийн засагчид гараад Монголд ногдох Эрдэнэтийн хувь 70 хувь хүрч байгаа юм байна. Яагаад гэхээр баялгийн газар ашигласны төлбөр гэж байдаг. Түүнийг оруулж тооцсоор байгаад 70 хувь хүрч байгаа. Ер нь Эрдэнэт үйлдвэр чинь 680 сая шилжих рублиэр баригдсан байдаг. 51 хувиа Монгол Улс төлөх, дээр нь 49 хувьд ногдох хувиа төлөөд явах тухай ярьж байсан.
Тэр үед би нэг алдаа гарсан гэж үздэгээ өмнө нь ч ярьж байсан. Өрийн асуудлыг шийдэхдээ Эрдэнэтийн 51-ээс цааших Монголд ногдох хувийг хэтрүүлэхгүй гэж. Тэнд ажиллаж байсан манай Эрдэнэтийнхэн бүгд мэднэ. Зоригт гэж тэнд ажиллаж байсан, удирдлагад нь байсансайн эдийн засагч байдаг. Тэр хүний хийсэн тооцоогоор бол дахиад 4-6 жил явахад Эрдэнэт үйлдвэрийн Монголд ногдох ашиг нь 100 хувь болох юм байна гэсэн.
Их өрийн асуудлаар энэ хувь яригдаж байхад гэрээ хэлэлцээрийг эрх зүйн хувьд зогсоох нь зөв үү гэсэн асуудлыг ярьж байсан байдаг. Тэр үеийн Хууль зүйн сайд бол энэ зөв гэсэн байр суурьтай байсан. Тэр үед байсан дарга нь энэ тухай ярьж байсан. Тэгэхээр Монголын Засгийн газар, Монголын төр аль нь ч бай Эрдэнэтийн гадна байгаа тэр хувийг нэмэгдүүлж авах, болж өгвөл 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болгох энэ тал дээр үе үед л ярьж байсан зүйл.
ҮАБЗ дээр энэ тухай ярина, ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Тиймээс энэ асуудлыг ҮАБЗ дээр яриагүй. МАНАН-гийн төр гэж юу юм бэ гэж асуулаа. Энэ бол сонины хэллэг, сэтгүүлчдийн хэллэг. Одоо бол МАН-ын, нэг намын УИХ, Засгийн газар байгуулагдаад ажиллаж байгаа. МАН нэг талдаа хариуцлага үүрээд, тулгамдаж байгаа асуудлыг шийдээд явах бүрэн эрхтэй. Боломжийг бол дангаар өгсөн. Ер нь 65 гишүүнтэй болно гэдэг бол миний санаж байгаагаар хоёр дахь удаагаа Монголын өнгөрсөн олон намтай байсан хугацаанд давтагдаж байгаа зүйл. Ямар ч асуудлыг шийдэх эрх Засгийн газар, УИХ-д байгаа.
Таныг Эрдэнэтийн ард нь байгаа гэж ярьжбайна гэсний хувьд: Эрдэнэт үйлдвэрийн тос, шороонд хутгалдаж явсан ажилчин байсан хүн бол би. Аравдугаар анги төгсөөд л Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орж байсан, анхны цалин авч байсан. 1990 онд анх удаа Эрдэнэтээс улс төрийн энэ албанд сонгогдож, Улсын Бага Хурлын гишүүнд, АИХ-ын депутатад сонгогдож явсан. Эрдэнэт үйлдвэрт миний ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Бүх хатуу хэлье. Нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол Эрдэнэт үйлдвэр цаашид сайн яваасай гэсэн ийм л сонирхол байгаа.
Эрдэнэт үйлдвэрийн ард гурван томын оролцоо бий. Гурван өндөрлөг мэдэж байсан гэсэн яриа гарсан байсан. Би сүүлийн үед гарч байгаа мэдээллийг харж байгаа. Гурван том гэхээр саяын сэтгүүлчийн асууж байгаагаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хэлж байгаа юм байна гэж ойлгож байгаа.
Өмнө байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр өөрчлөгдсөн. Одоо сууж байгаа нь Ерөнхийлөгч байна. УИХ-ын дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг бол дөрвөн томын нэг. Хэрэв албан тушаалын том багаар нь хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Тэгэхээр гурав, дөрвөн томын оролцоо байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа юм.
Танд хувьцаа бий юу гэж асууж байна. Ямар нэгэн хувьчлал явагдаагүй, ямар нэгэн хувьцаа байхгүй. Засгийн газар шийдвэр гаргалаа. Тэр өмнө гарсан Сангийн сайдын тушаалыг хууль бус гэж үзлээ. Иймээс хариуцлага тооцох уу гэж асууж байна.
Эрдэнэтийн үйл явдлыгшалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаад байгаа юм
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард Эрдэнэтийг, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй гэдгийг хэлье. Харин энэ мэдэгдлийн ард, Эрдэнэтийн үйл явдлыгшалгах гэж байгаа ажлын хэсгийн ахлагч, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдал харагдаад байгаа юм. Ер нь танил тал татсан ийм байдал харагдаад байгаа юм.
Би наадмын өмнө МҮОНТВ-ээр ярилцлага өгч байхдаа хэлж байсан. Эрдэнэт дээр хууль бус ямар нэгэн асуудал байгаа бол шинэ УИХ, Засгийн газар эхний өдрөөсөө авч хэлэлцээрэй. Долоон сард Сангийн сайд томилогдсон.
Өмнөх Сангийн сайдын тушаалыг 7 дугаар сард л хүчингүй болгочих боломжтой байсан. Хэрвээ хууль бус,буруу гэсэн бол хүчингүй болгох ёстой. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан шинжтэй байна гэж байна гэхээр буруу, хууль бус юм хийсэн гэж байгаа бол түүнд яагаад бололцоо олгоод сууж байгаа юм. Эрх баригчид ийм бололцоо олгож болохгүй шүү дээ. Тийм бололцоо олгож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.
Тэгэхээр үүний ард ямар нэгэн улс орны эрх ашиг, Эрдэнэтийн 49 хувь буруу зөрүү шилжсэн тухай яриа хөөрөө байхгүй юм байна. Зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн юм байна. Улс төрийн улирал халахыг хүлээсэн юм байна, 10 сар эхлэхийг хүлээсэн юм байна. Тэгээд Ц.Нямдоржийн мэдэгдэл хийхийг хүлээсэн юм байна. Ц.Нямдорж мэдэгдэл хийхэд тэнд байгаа ажлын хэсгийн ахлагч материал цуглуулж өгсөн юм байна. Цуглуулсан материал нь юу байсныг та бүхэн бүгдээрээ сонссон. Эхнээсээ няцаагдаад явж байна. Тэгэхээр энэ бол цэвэр улс төр.
Манай сэтгүүлчид сайн мэднэ дээ. Бид энэ улс төрийн үйл явцыг 20 жил оролцоод хараад л явж байгаа. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг юм.
Би сүхэн дор толгойгоо тавьж байна ч гэх шиг. Мафи гарлаа ч гэх шиг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг. Энэ асуудал дээр Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй гэх шиг. Ер нь Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү? Зүгээр л сүржин хувийн эрх ашиг хөөсөн мэдэгдэл гэж харж байна.
Дээд талынхаа суудал руу мяраасан. Аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн ийм л хандлага байна. Сүүлийн үед ийм яриа яваад байгаа. Ц.Элбэгдорж руу Ерөнхийлөгч рүү дайрвал рейтинг өсөөд байна гэсэн. Зарим хүн рейтингийг рентген гэж ярьдаг. Ард түмэн рентгенээр харж байгаа юм шиг улс төрчдийн ярьж байгаа зүйлийг нэвт хардаг болсон л доо. Хэвлэлийнхнийг, ард иргэдийг бүгдийг цочоох, тэндээс рейтингээ өсгөж гараад чин зорилго руугаа явах, ийм хувиа бодсон үйлдэл цаашаа явахгүй ээ.
Энд цаг алдсан байна. Хамгийн гол зорилго нь юу байна гэхээр 100 хоног өнгөрлөө Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж юу хийв? Сангийн сайдын хувьд хамгийн гол асуудлыг оруулж ирж шийдүүлэх байсан, ярих юм юу ч байхгүй. Ярих гэхээр зогсоосон, хассан, боосон, танасан гээд бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Ерөөсөө эндээс л хүмүүсийн сонирхол, анхаарлыг холдуулах гэсэн арга шүү дээ.
Хамгийн гол нь Ц.Нямдорж дээр авч үзвэл таван хууль. Монголын ард түмнийг 70 жил, дээрээс нь нээлттэй нийгэмд шилжсэн 26 жилд Монгол хүмүүсийн хөлс, цус, нулимсаар туршигдсан тэр хар тогтолцоог, тэр хуулийг халах гэж энэ таван хуулийг оруулж ирсэн шүү дээ. Тэгэхэд УИХ-аар баталсан таван хуулийг буцаагаад хаяж байгаа юм.
Тэр хүүхдүүдийн ялыг, гэр бүлийн хүчирхийллийг, энгийн иргэдэд ногддог тэр бүхнийг ялгаж салгаж өгөх байсан. 340 зүйл ангитай Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэрэг гэж үзэхгүй зөрчил гэж үзэх зүйлийг дунд нь таслаад явах байсан. Энэ хуулийг зогсоож байгаа. Үнэхээр Монголын ард түмний нурууг тэнийлгэх, албан тушаалтнуудын хувьд нэлээд хатуу хууль байсан. Үүнээс хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа юм.
Хэрэв Эрдэнэтийг яриагүй бол сэтгүүлч Ц.Нямдоржтой уулзаад тэр таван хуулийг яагаад буцаасан юм бэ? Та өмнө нь Хууль зүйн сайд байсан шүү дээ гэж асуух байсан. Ц.Нямдоржийн тооцоо бол Эрдэнэтийг аврагчийн дүрээр сонгогчидтойгоо уулзана гэсэн тооцоо байсан. Ийм учраас хувийн өчүүхэн эрх ашгийн үүднээс мэдэгдэл хийжээ. Үүний цаана улс орноо бодсон ямар нэгэн үйлдэл алга. Ц.Нямдорж үүний оронд намаасаа шаардах хэрэгтэй шүү дээ.“Амласан зүйлээ оруулж ир л дээ, Чойжилсүрээн” гэж.Чойжилсүрэнг би мэдэхгүй, би танихгүй гэж Нямдорж хэлэхгүй л байх.
Өнөөдөр над руу манай хил, цэрэг, цагдаагийнхан ярьж байна. 36 сарын тэтгэмж өгнө гэсэн. Тэгсэн үндсэн цалингаас тооцож өгнө гээд хийчихжээ. Уг нь бид цолны, сарын, хээрийн нэмэгдэл гээд тооцдог байсан. Одоо үүнийг хасаад 36 сарын нэмэгдэл 40-60 хувиар буурч байна.
Хүүхэд харах үйлчилгээ гээд зургаа, долоон мянган хүүхэд хамрагдаж байсан үйлчилгээг зогсоож байна. Ахмадууд байна. Ажлаас халагдсан хүмүүсээс та нар дээр маш их гомдол ирж байгаа болов уу. Энэ бол коммунист субботник шиг болж байна шүү дээ. Ийм зүйлээс хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд Нямдоржийн хийж байгаа алхам. Бусад гишүүд нь хөөрхий, сонгогчидтойгоо уулзаад, нүүрээ улайлгаад энэ асуултад хариулаад явж байгаа. Ганцаараа мундаг хүн болох гэж хийж байгаа энэ мэдэгдлийг Монголын ард түмэн сайн мэднэ дээ.
Х.Тэмүүжин гишүүн ярьсан байна. Эргээд коммунизм руугаа орох уу гэж асуусан байна. Ийм зүйл байхгүй. Коммунизм эргэж давтагдахгүй. Эргэж Монголд ирэх ч ёсгүй. Тиймээс энэ тал дээр тийм зүйл байхгүй гэж хэлье. Малыш Энхтүвшин гэдэг хүнтэй сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж явахад анх удаа би таарсан. Арван хэдэн жил огттаараагүй, тиймээс над руу мессэж бичдэг зүйл огт байхгүй. Тэр бол худлаа. Үүнийг Элбэгдоржтой холбож бичээд шуугиан дэгдээхээр яана гэж боддог юм бүү мэд.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдсон асуудлыг асууж байна. Тэгэхээр ер нь энэ хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харжбайгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг.
Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой
Эрдэнэтийн 49 хувь Монголд ирлээ. ОХУ-ын байр суурь ямар байгаа вэ гэж асуусан. Бид хоёр том хөрштэй Оросууд Эрдэнэтийн 49 хувийг Монголчуудад өгч байгаа нь стратегийн хувьд ашиггүй гэж үзсэн үү гэж энэ бол чухал асуулт.
Би В.Путин Ерөнхийлөгчөөс 6 дугаар сард болсон ШХАБ дээр шууд асууж байсан. Тэгэхэд В.Путин Ерөнхийлөгч “Энэ асуудлыг би мэдэж байгаа. Монголчууд өөрсдөө энэ үйлдвэрээ аваад явчихаж чадна гэдэгт би итгэж байгаа” гэсэн Ер нь ингэж асуудлыг шийдэж байгаа нь бол хоёр орны дээд түвшний харилцан итгэлцэл хамгийн сайн үедээ байгааг л харуулж байгаа юм.
Ерөнхий сайд Д.Медведев АСЕМ-ын уулзалтад ирсэн. Энэ асуудал хөндөгдөхөд “Бид олон шинэ төслүүд дээр хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэнэ гэж харж байгаа” гэж хэлсэн. Их өр гээд манай хооронд байсан хэцүү асуудлууд бий. Сүүлчийн төлбөрийн асуудал 2016 оны эхний улиралд шийдэгдсэн. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс санхүү, дэд бүтэц, уул уурхай, эдийн засаг, хүмүүнлэг, хөрөнгө оруулалтын салбарт хойд хөрштэйгээ ажиллах бүрэн боломжтой. Улс төрийн хувьд манай хоёр орны харилцаа бол хамгийн өндөр, хамгийн сайн түвшинд байгаа. Дахиад олон шинэ салбар дээр сайн харилцааг үүсгээд цаашаа ажиллаад явах боломжтой.
Олон жил Эрдэнэт үйлдвэрийг манай үндэсний ажилчид, инженер техникийн ажилтнууд нуруундаа үүрч авч яваа шүү. Та бүхэн мэднэ 6000 гаруй ажилтан. Анх үүсээд явж байхад нь бид Зөвлөлтийн мэргэжилтэн хүмүүсийн тус дэмийг авдаг байсан. Энэ бол гайхамшигтай бүтээн байгуулалтыг хамтарч хийсэн. Гайхамшигтай түүх. Хоёр орны хувьд бол цаашаа шинэ зүйлийг хийх гайхамшигтай бааз суурь. Энэ дээр олон шинэ төслүүд өргөжиж ОХУ-тай олон салбарт хамтарч ажиллана.
Ер нь бид ОХУ, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн Дум, Холбооны зөвлөл энэ хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой. Монголоос авна гэж ярьдаг байсан их өрөө энэ хүмүүс өөрсдөө авах авлагаа маш хөнгөлөлттэй нөхцөлөөр багасгаж өгсөн шүү дээ. Хоёрхон хувь хүртэл болгож бууруулсан. Түүн дээр шоу хийж байгаа хүмүүст бид Монгол дотроо янз бүрийн нэр хүнд олох гэж байгаад нь талархлаа гэдэг биш, хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Бидэнд итгэж, хамтарч ажиллаж, хамтын ажиллагааны шинэ шинэ боломжууд байгаа гэж харж байгаа хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой.
ОХУ, Монголын ард түмний харилцаа бол гайхамшигтай түүхтэй шүү. Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цусаа асагаруулж явсан хүмүүс бол Орос хүмүүс шүү. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж хамт байсан хүмүүс бол Оросууд шүү. Ямар улстай Монголчууд хамгийн ойр ажиллах вэ гээд асуухад 1990-оноос хойш 60 гаруй хувь нь үргэлж ОХУ-тай Монгол ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг юм. Ерөнхий сайд, УИХ-ын удирдлага энэ хүмүүстэй, хойд хөрштэйгээ яамдууд, салбарын түвшинд хамтарч ажиллах, уулзах байх, өмнөх уламжлалаа цаашаа үргэлжлүүлэх байх гэж харж байгаа юм.
“Ардын эрх” сонины сэтгүүлч Шийлэгтөмөр: Орон нутгийн сонгуульд эрх барьж байгаа намаас өөр нам гарч хяналт тогтоох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Мөн таны хүү дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Тантай зөвлөсөн үү, хүүгийнхээ талаар ямар бодолтой байна?
“Ардчилал” сонины сэтгүүлч Ширнэн: Таны ярьсан коммунист субботник гэсэнтэй холбогдуулж асуумаар байна. Монголын ардчилал сүүлийн үед Ардын нам гарснаасхойш коммунист дэглэм рүү буцлаа гэж ярьж байна. Үүнээс гарах гаргалгаа хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих ёстой гэсэн энэ асуудлаар тантай уулзаж, УИХ-д хуулийн төсөл оруулна гэсэн, тантай уулсан болов уу?
“SBN” телевизийн сэтгүүлч: -МАН-ын Засгийн газар оюутны 70 мянга, хүүхдийн мөнгөний 40 хувь, хүүхэд харах үйлчилгээгзогсоолоо. Энэ бүхэнтэй Төрийн тэргүүний хувьд санал нийлж байгаа юу? Хоёрдугаарт, Монгол Улсад гаднын банк үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна уу? Гаднын банк орж ирснээр эдийн засаг болоод дотоод банкуудын үйл ажллагаанд ямар нөлөө үзүүлэх бол? Зөвхөн дотоодын банкны эрх ашгаар гадаадын банкийг оруулж ирэхгүй гэсэн зүйл байгаа. Энэ дээр таны байр суурь ямар байна?
“UB.Life” сайт, сэтгүүлч Энхцэцэг: Орос, Монголын харилцааны талаар сонирхолтой сэдэв хөндсөн болохоор үргэлжлүүлээд асууя. Эрдэнэтийн хувийг шилжүүлснээр олон шинэ төслийн үүдийг нээлээ гэж Д.Медведев хэлсэн юм байна. Та В.Путинтэй нэлээд олон удаа уулзаж байсан болохоор дараагийн төслүүд юу байх бол? Төмөр зам, алт, уран гээд сонирхож болох зүйл манайд байгаа учраас дараагийн төслүүд юу вэ? Хоёрдугаарт, гаднын банкууд гэж асуусан. Жишээлэхэд, Bank of China-гийн талаар ямар мэдээл байна вэ?
“TV9” телевизийн сэтгүүлч Ариунтуяа: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ шилжүүлж авсан. ХХБ-д таныг хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл байдаг, хэрвээ тийм бол Эрдэнэтийн 49 хувийг ямар хөрөнгөөр яаж худалдаж авсан юм бол?
“Еtv” телевизийн сэтгүүлч Бямбагэрэл: С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Э.Бат-Үүл хэлэхдээ, энэ хэрэг бол дээрээсээ захиалгатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-тай их эвсэл байгуулж миний эсрэг эвсэж байгаа гэж мэдэгдсэн, энэ тал дээр хариулт өгөх байх?
“Эх орон” телевиз “Үндсэний мэдээ” сонины сэтгүүлч Д. Заяабат: Сая төмөр замын ерөнхий хорооны хурал ОХУ-ын нийслэлд боллоо. Манай шинээр сонгогдсон ерөнхий хорооны гишүүд хүн болгон кармандаа тус тусдаа нэг нэртэй очоод,анх удаа хувь нийлүүлсэн энэ нийгэмлэгийн гол бодлогыг гаргаж байдаг хүмүүст Оросын давамгайлал бий боллоо. Тухайлбал, замын ерөнхий инженер, санхүүгийн хүмүүс гэх гол хүмүүс боллоо. Энэ тал дээр таны байр суурь, ямар мэдээлэл танд байна вэ?
“Малчин” телевизийн сэтгүүлч Мөнхзаяа: Стэнд бай хөтөлбөрт хамрагдах гэж байна. Өмнө нь манайх 2009 онд хамрагдаад эдийн засгийг маш хурдан хугацаанд сэргээж чадсан энэ удаад таны санал юу вэ?
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Мөнхтуул: Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж эхлэх гэж байна. Төсвийн алдагдлыг 9 хувьд барих, 3 хувиар эдийн засгийг өсгөх гэсэн зорилтуудыг тавьж байна, үүнийг боломжтой гэж үзэж байна уу? Нөгөө талаар ирэх жил томоохон төслүүдээ хөдөлгөх зорилт тавьж байгаа, төслүүдийг хөдөлгөх боломж юу байна вэ?
“Gogo.mn” сайт, сэтгүүлч: Та 6-р сард Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад Эрдэнэтийн асуудлыг ярьсан гэлээ. Ерөнхий сайд 6 дугаар сарын 28-нд мэдээлэл өгсөн шүү дээ. Ер нь Эрдэнэтийн энэ асуудал хэзээнээс эхэлсэн, та хэзээ мэдээлэл авсан юм бэ? Хоёрдугаарт, ХХБ авч байгаа гэж яриад байгаа. Банк хажуудаа үйлдвэртэй байж болохгүй гэж яригдаад байгаа шүү дээ Монголын талд ирж байгаа нь сайн боловч хууль зөрчиж байгаа асуудал биш үү?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Хулан: Эрдэнэтийн асуудлаар дахин асууя. Өчигдөр ТУЗ-ийн дарга Д.Ганболд гэдэг хүн сонгогдсон. Иргэд юу гэж ойлгож байна гэхээр 51 хувь нь байгаа тохиолдолд төр яаж хяналтаа тогтоох вэ?
“МҮОНТВ”-ийн сэтгүүлч Нандинцэцэг: Манай улс АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Монголчуудын хийж чадах дараагийн олон улсын хэмжээний ажил юу байж чадах бол? Хоёрдугаарт, та наадмаар есөн хөлт цагаан тугаа тойрч дэвсэн,Мэдээж таны үйлдэл билэгдэлтэй байгаа байх. Юуг бодож, юуг билэгдэж энэ үйлдлийг хийсэн бэ?
“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Туул: Сүүлийн үед сахилга,хариуцлага дээгүүрээ их суларсан байна. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал яасан юм бэ гэсэн яриа гарч байгаа, таны байр суурь юу байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сүүлийн хоёр жилийн хугацаанд би ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай арав гаруй удаа уулзсан байх. Өмнөх зарим гадаад харилцааны түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол байдаг. Улс төрийн түвшний яриа хэлэлцээр, уулзалт, харилцаа бол их өндөр түвшинд хүрсэн. Хоёр орон, ялангуяа манай хойд хөршийн харилцаа ямар чухал гэж үздэгийн илэрхийлэл гэж олон улсын харилцаанд үздэг л дээ. Хоёр орны хооронд манай иргэд визгүй зорчдог болоод хоёр дахь жилдээ орж байна.
Манай иргэд урагшаа явдаг урд хилийн цаана байгаа нэг хотыг хөгжүүлсэн гэж ярьдаг. Одоо бол сонголттой болсон. Хойд хөршийн маш олон иргэд манайд ирж явдаг, хамтарч ажилладаг. Эхлээд худалдаа наймаа хийдэг, өөр цаашаа хамтын ажиллагаанууд эхэлж байгаа.
Яг үнэндээ хоёр Засгийн газрын хэрэгжүүлж байгаа том төслүүд гэж янз бүрийн зүйлүүд харагдахгүй байж магадгүй. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хооронд харилцаа бол эрчимтэй явагдаж байгаа. Хоёр хөршийнхөө Төрийн тэргүүнтэй гурвалсан байдлаар яагаад уулзаж болохгүй гэж. Ер нь ийм уулзалт зохион байгуулья гэж би санал тавьж байсан. Олон хүмүүс итгэдэггүй л байсан. Сая бид гурав дахь уулзалтаа хийсэн, маш чухал шийдвэрүүд гарсан.
Монгол Улс оролцоод, гурван улс оролцоод, 36 төслийг хамтарч хэрэгжүүлэх боломжтой гэсэн жагсаалт гаргасан. Гурван талаас хамгийн гол нь ойлголцсон жагсаалт. Би нэг зүйлийг үнэхээр хүсч байсан. Монголын ганцхан төмөр замыг хос болгочих юмсан. Урд хөрш бол дэлхийн маш том үйлдвэрлэгч хөрш, хойд хөршид ч их олон зүйл байгаа. Хойд хөршид хийж байгаа зүйл урд хөршид, тэгээд маш олон улсад хэрэгтэй. Урд хөршид байгаа зүйл хойд хөрш, Европт хэрэгтэй. Энэ бүх ачаа бараа тээвэр Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцэлд идэвхтэй ажилласан.
Цаашдаа энэ ажил хийгдэх байх гэж бодож байна. Цаашдаа автозам, төмөр зам, бүр хийн хоолой гэж бид нарын яриад байдаг. Энэ итгэлцэл бий болно. Хойд хөрштэй Монголоор хийн хоолойг дайруулах талаар ярилцах боломж байна, яагаад үүнийг ярьж болохгүй гэж. Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт хор хохиролтой хэцүү гэж байр сууриа илэрхийлж байдаг, энэ тухай яагаад ярьж болдохгүй гэж. Би өөрөө ОХУ-ын удирлагуудтай уулзахдаа нэг талын мэдээлэл яваад байгааг ойлгуулж, энэ зүйлийг зөв болгох гэж оролддог.
Эгийн голын усан цахилгаан станц гэдэг бол Монголчууд Байгаль нуурт хийж байгаа сайн зүйл гэжхэлж болно. Байгаль нуур зөвхөн нэг орны баялаг биш дэлхийн баялаг. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар Байгаль нуурт цутгаж байгаа тэр голуудын зохицуулалтыг хийх боломж бүрдэж байгаа юм.
Манай Хөвсгөлийн хойд талаас Оросын алдарт Енисеймөрөн манайхаас эх авч хойшоо дамжиж гардаг. Байгаль нуур руу цутгаж байгаа Эгийн гол бусад голууд манай Хангайн нуруунаас бүгд эх авдаг. Гэтэл энэ Хангайн нуруунуудмөнх цэвдэгтэй газар байгаа. Ер нь 10-20 жил, 30-аад жилийн дотор мөс, цэвдгүүд нь хайлаад, тэндээс орж ирдэг усны хэмжээ 20-30 хувь, зарим газраа 50 хувь, зарим газраа гол мөрөн нь ширгэх ч асуудал гарч магадгүй.
Харин энэ дээр амжижЭгийн гол дээр зохицуулалт хийж чадах юм бол тэр рүү очдог, урсдаг усыг бид байнга хадгалж байх боломж байгаа юм. Энэ зүйлийн тухай ярихаар хойд хөрш нээрээ наадахыг чинь судалж үзэх хэрэгтэй юм байна гэдэг. Сэлэнгэ дээр барьж байгаа биш, Сэлэнгэд цутгадаг нэг гол дээр бид барьж байгаа юм. Та бүхэн манай газрын зургийг аваад үзэх юм бол 200-300 мватт-с дээш ямар чусан цахилгаан станц Монголд байхгүй. Гэтэл урд хөршид дүүрэн байна. Хойд хөрш усныхаа эрчим хүчийг хамгийн их ашигладаг орон. Тэгэхээр үүн дээр хамтарч ажиллая. Магадгүй олон тэрбумаар яригдах мөнгийг манай хүмүүс төлсөн байх. Үүнийг хийе гэж яривал итгэлцэл, яриа хэлцэл, ойлголцол дээд түвшиндээ байх тусмаа ард иргэд, хэвлэл мэдээллийн бүх түвшинд л ойлголцол байвал цаашаа сайн явна гэж бодогддог.
Орон нутгийн сонгуулийн талаар асуусан. Энэ тал дээрийм тийм гэж ямар нэгэн тайлбар өгөхгүй. Миний хүү Эрдэнэ энэ сонгуульд БЗД-ийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явъя гэсэн ийм сонголт байгаа бол,зорилго нь зөв байгаа бол бид залуусыг дэмжих хэрэгтэй.
Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш
Ажлаас халаад байгаа тухай бол би хүмүүстэй тааралдаж, мөн бас фейсүүк, твиттерээр их захиа бичдэг. Хүмүүс бүр гасалж байна. Би өглөө бүр ажилдаа очихдоо айдастай очиж байна. За өнөөдөр чамайг халлаа гэж хэлэх байх даа гэж. Яагаад ингэж айдастай очиж байна гэхээр машинаа лизингээр авчихсан. Цалингаасаа төлдөг. Байрны моргейж хийчихсэн. Ажлаас хална гэдэг бүр коммунист субботник шиг болчихлоо.
Ардын намынхан хэлж л байгаа байх. Энэ тал дээр анхаарай гэж дээд түвшиндээ хэлж байгаа байх. Цэвэрлэгч, мэргэжилтэн хэнийг ч голохгүйгээр жагсааж байгаад, заримдаа бүр тэдэн оноос хойш ажилд авсан хүмүүс гээд толгой дараалан хөөж явуулж байна. Захиргааны тухай хууль гэж байгаа. Түүн дээр зааж өгсөн Захиргааны шүүх гэж байгуулсан. Ийм байж болохгүй байгаа юм.
Хүмүүсийн бас нэг халаглаж байгаа юм бол халах тусам, шинээр хүн авах тусам, нөгөө төрийн албаны чадвар дордоод байна. Үнэн л дээ. Гурван жил, таван жил, хорин жил, гучин жил ажилласан тэр хүмүүс асар үнэтэй Монголын капитал юм. Асар үнэтэй. Тэр хүмүүсийг хөөж явуулаад, зүгээр нэг шахааны хүмүүс оруулж ирэх юм. Надад бүр зарим хүмүүсийн нэрийг нь хэлж байсан.
Ц.Нямдорж мэдэгдэл хийснээс ч болдог юм уу. Энэ Нямдоржийн гар хөл хүрээгүй газар алга боллоо. Энэ нөхрийн шахаж тавиулдаг бүлэглэл банк санхүүгийн салбарыг бүхэлд нь барилаа гэх мэт. Уг нь энэ зүйлийг ард түмэн асуух ёстой. Сонгууль болоод амьдрал чинь дордов уу, аль эсвэл дээрдэв үү гэж. Бүгд л 100 хувь дордлоо гэж байна. Өчигдөр нэг сонин дээр бичсэн байсан. Гурван сарын өмнө өдөрт би 30 хонь зардаг байсан, одоо өдөрт гурван хонь зарж байна. Өдөрт 10 машин зардаг байсан одоо нэг ч машин зарж чадахгүй байна гэсэн.
Ийм зүйлээс бултах гэж эрх баригчид чанга чанга мэдэгдэл хийгээд, гүйгээд байх шаардлага байхгүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш. Харин ажил хийдэг цаг. Үнэндээ Монголын энэ хүйтний улиралд ажилладаг, дулаан цаг маш богино. Энэ дөрвөн жил гэдэг маш богинохон. Та бүхэн мэдэж байгаа. Одоо бол бид бүгдээрээ нийлээд нэгдээд ажилламаар л байна.
Би энэ Засгийн газар, УИХ, Ерөнхий сайд бүгдэнд нь хэлж байгаа. Сонгууль дуусчихлаа, нэг Монгол шүү, бүгдээрээ нийлээд ажиллая гэж. Ер нь бидэнд бие биеэ шүүмжлэх, зөрчилдөх, хагаралдах энэ үйл явц бол хангалттай. Одоо болно. Ярих хэлэх, бие биеэ гутаах бол хангалттай, одоо болсон. Одоо энэ богинохон хугацаанд нийлж нэгдээд, эрх авсан энэ улсууддаа итгэл өгөөд, бололцоог нь хангаад, нийлээд, ажлаа хийгээд явах юм руугаа орох ёстой гэж бодож байна.
Хоёр танхимын тухай хүмүүс уулзсан уу гэж байна. Маргааш хүмүүстэй уулзана гэж байна. Ямар асуудал тавихыг харъя. Ер нь Монголд ажил хийх, засаглалын чадавхийг дээшлүүж бэхжүүлэх хэрэгтэй. Үүнд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бид замбараагүй явж, дуртай юмаа ярьж, дуртай юмаа шүүмжилж, дургүй юмаа татан буулгаж, нэгийгээ гутааж, унагаж одоо болсон. Энэ зүйлийг хааснаар Монгол сүйрэхгүй.
Энэ эрх чөлөөний мэдрэмжийг та бүхэн авсан. Одоо бид ажил хийдэг үндэстэн болох хэрэгтэй. Тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, ажлын байр бий болгодог, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмждэг үндэстэн болх ёстой. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг Монголын ард түмний нэг хэсэг гэж боддог шүү.Та бүхэн сэтгүүлчид бүгд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс. Хувийн хэвшилд ажиллаж байгаа л бол муу, буруу гэж хардаг энэ сэтгэхүйгээ орхих хэрэгтэй. Монголын амьдралын 80 хувь хувийн хэвшил дээр явж байгаа шүү. Харин нээлттэй нийгэм, ардчиллын ач бол энэ. Бүх амьдрал, аж ахуйн нэгж рүү ордог байсан төрийн гар хуруу ингэж багассан байгаа.
Би Чойжилсүрэн сайдтай томилогдсоноос нь хойш нэг л удаа уулзсан. Энэ Засгийн газар байгуулахад сонгууль болонгуут УИХ маш хурдан ажилдаа орох ёстой гэсэн байр суурьтай байсан. Засгийн газар байгуулагдаа, маш хурдан бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой. Байдал амаргүй байгаа гэсэн байр суурийг л барьсан. Чойжилсүрэн сайд энэ буруу гээд зогсоогоод байвал болно л доо. Бүтээн байгуулдаг, барилга барьдаг, энэ тал дээрээ бол сайн. Сангийн сайдын хувьд ямар хүн бэ? Энэ хүнээс илүү мэргэжлийн Сангийн сайд Ардын намд байх байсан уу, үгүй юу гэдэг дээр асуудал байж магадгүй.
Шууд хэлье. Тэр шахаа улс төрчдийн, Нямдоржийн шахаа, тэр мөнгөний хүч энэ Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй. Хүмүүс хоорондоо ярьдаг шүү дээ. Иймэрхүү байдлаар хуйвалдаж, тэгээд цаг хүлээгээд, сэдэв хүлээгээд, ингэж сууж улс төр хийхээ таслах хэрэгтэй.
Банкуудтай холбогдсон асуулт асуулаа. Ер нь манайд банк, санхүүгийн чиглэлийн үйл ажиллагааг улам чөлөөлөх, ялангуяа хоёр дахь зах зээлийг бий болгох хэрэгтэй. Би үргэлж хэлдэг, манай хувийн хэвшлүүд бүгдээрээ айл гэрийн, нэг хүний өмч байхаа боль. Та бүхэн Хөрөнгийн биржээрээ дамжуулаад Монголын ард түмэнд хувьцаагаа зараач ээ. Олон нийтийн компани болооч. Компанийн олон улсын хамгийн сайн стандартыг хэрэгжүүлээч. Үүнд Засгийн газар, УИХ-ын зүгээс хийх ажлаа хурдан хийе. Хийх ажлаа баталъя. Тэгэх юм бол нэг компани нэг гэр бүлийн өмч биш, арван мянган хүн хувьцааг ньавчихсан, зуун мянган хүн хувьцааг нь авчихсан, зуун мянган хүн оролцож байж баялаг бүтээдэг, зуун мянган хүн тэр баялгаас эргээд хүртдэг хувьцааг авсан. Ийм байя. Тэр мөнгөөр эргэж хөрөнгө оруулалт хийгээд, ажил нь томроод явдаг. Энэ зөв систем рүү бид хэзээ орох юм бэ?
Би энэ тухайтаван жилийн өмнө ярьж байсан. Ноднин ярьж байсан. Одоо ярьж байна. Энэ ажлыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй.Иймэрхүү боломжуудыг бид ярих хэрэгтэй. Ийм хэмжээнд харах хэрэгтэй. Чойжилсүрэнтэй уулзахад ингэж хэлж байсан юм. Чи асуудал оруулж ирээд танай намын бүлэг авахгүй байна. Танай 65 гишүүнтэй УИХ авахгүй байна шүү дээ. Улс төрийн алсын хараа чамд алга байна. Сангийн сайд гэдэг бол Монголын хамгийн чухал албан тушаал. Тэнд байгаа хэдэн мэргэжилтнүүд очиж байгаа үе үеийн Сангийн сайдад тийм л санал өгдөг юм. Тэгэхэд тэрийг шүүгээд, энэ болно, энэ болохгүй гэж улс өрийн өнцгөөс, нийгмийн өнцгөөс харвал, Монголын хөгжил дэвшлийн өнцгөөс харвал болохгүй гээд заримыг нь зогсоогоод, заримыг нь өөрөө нэмээд үнэхээр ашиглах саналуудыг оруулж ирэх байсан. Чи хэдэн мэргэжилтний санал барьж орж ирээд, энд бөөн хэрүүл бий болгож байх хэрэг байна уу гэж хэлж байсан. Нийгмийн үйлчилгээг хасах танах зогсоох бол шийдэл биш. Өөр маш олон шийдэл байгаа.
Би Ерөнхий сайдад хэлж байсан. Дарга нарынхаа өрөө байрнаас эхлээд хэмжээ тогтоогооч гэсэн. Над дээр, Ерөнхийлөгч дээр ч тогтоосон болно. Ерөнхий сайд дээр ч тогтоож болно. Сайд хэдэн кв.м өрөөнд суух юм. Яаманд байгаа 120 хэдэн хүнд хэдэн кв.м байх юм. Гадаад яамны энэ заал бол нэг яаманд хангалттай гэж би бодож байна. Энэ ч томдоно. Тэгэхэд Гадаад яамны энэ заал нэг сайдын дөрвөн давхар дамждаг өрөө шиг л юм байгаа.
Маш олон боломж байгаа. Амьдрал нь хүрч ядаж байгаа улсаас биш, тэр тансаглалаасаа хасах байдлаар яваач. Энэ олон яам, олон хүн, ялангуяа улс төрийн албан тушаалтан байна. Би Төрийн албаны хууль оруулсан шүү дээ. МАН-ын маш олон гишүүн дэмждэг. Сайд томилогдоод очиход 3-5 хүн л өөрчлөгддөг. Бүх төрийн алба шат шатаараа, өөр өөрийн чадамжаараа, өөрийн шалгуураар дээшилдэг. Төрийн албанд өнөөдөр орж байгаа бол хэрэв би 30 жил сайн ажиллавал ийм албан тушаалд хүрэх юм байна гэдгээ тэр хүн мэддэг байх ёстой. Энэ бүх боломжийг ард түмэнд өгөх ёстой. Гэтэл хаана тийм зүйл байна вэ?
УИХ-ын нээлтэд хэлсэн миний үгэн дээр байгаа шүү.Та бүхэн үзээрэй. Төрийн албаны хуулийг батлахаас ажлаа эхэл гэж, Эрдэнэтийг ярихаас ажлаа эхэл гэж, Хаиуцлагын тухай хуулийг батлахаас ажлаа эхэл гэж хэлсэн. Бүгдийг хаясан. Одоо та бүхэн сэрэх хэрэгтэй. Ард түмэн сэрэх хэрэгтэй. Энэ өөрт нь хэрэгтэй, Монголд хэрэгтэй зүйл. Үүнийг бид эрх баригчдаар хийлгэх хэрэгтэй. Үүний төлөө шахаж шаардах хэрэгтэй.
Хятадын банкны талаар сая асуулаа. Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт, санхүү, банкны салбарт свотоор дамжаад оролцож байгаа хөрөнгө оруулалт, худалдаа аль ч орноос илүү байгаа. Манай өмнөд хөрш бол Монголын хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, санхүү, банкны салбарт хамгийн том хамтран ажиллагч. Ийм улс.
Бид Үндэсний аюулгүй байдлын өөрийн үзэл баримтлалтай, баримталдаг зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар түвшинд байх вэ гэдгээ боддог улс. Бидний байршил өвөрмөц. Бид энэ чиглэлээр цаашдаа хамтарч ажиллах, хийх зүйл бий. Монголын ард түмэнд үнэхээр хэрэгтэй зүйл дээр хамтарч ажиллах ёстой.
Миний байр суурь бол Хятадын банк гэдэг байгууллага Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос Хятадын банк, санхүүгийн оролцоо Монголд өндөр байна. Харин ч шаардлагатай өөр орны, зохих түвшинг хангасан, боломжтой, оръё гэж байгаа байгууллага байгаа бол, манайд санхүү орж ирээгүй, манайд хөрөнгө оруулаагүй улс орон сонирхож байгаа бол оруулах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бид тэнцвэрээ барьж явбал яасан юм бэ?
Энэ дотроо Монголын банкуудын нэр дээр гардаг, арилжааны банкуудын нэр дээр гардаг шүүмжлэлийг ч би хуваалцдаг. Иймэрхүү асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.
Сая Ц.Нямдорж мэдэгдэл хийхдээ ярьж байна лээ. Бид тэр банкийг оруулж ирэх гэж ярьж байгаа. Оруулж ирнэ гэж байсан. Харин тэр банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ дээр ярина шүү. Өмнө нь ч ярьж байсан. Би байр сууриа тодорхой хэллээ.
Эрдэнэттэй холбоотой, ХХБ, хувь хувьцаа гэж ярилаа. Бид ийм худал зүйлийн хойноос явах хэрэггүй дээ. Надад ХХБ-д хувь хувьцаатай байх, хуйвалдах ямар ч шаардлага байхгүй. Би та бүхэнд нэг зүйл хэлье. Хувь хувьцаа эзэмшдэг нь байтугай, Монголд өнөөдөр хийгдэж байгаа 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ хяналтад байгаа шүү. Олон улсын санхүү, мөнгөний гүйлгээ, хар, бор мөнгө явж байна уу гэдэг энд ёстой нөгөө шилэн данс гэдэг шиг хяналтад байгаа. Өмнө нь ам.долларын ханш гайгүй байхад 20 мянган ам.доллараар хязгаарласан байсан. Одоо ханш унаад 10 мянган ам.доллар байгаа шүү дээ. 10 мянган ам.доллараас дээш ямар нэгэн асуудалтай гүйлгээ, ямар нэг зүйл хийгдсэн байгаа бол Монголбанк хамгийн түрүүнд хянаж байгаа. Н.Баяртсайхан гэж ерөнхийлөгч нь байгаа. Энэ хүн хянах ёстой. Тэр банк ямар эх үүсвэрээс авав, юу болов гэж асуух ёстой. Энэ бүхнийг хянадаг, түүнд хариулдаг улсууд нь байгаа. Би нэг зүйл хэлье. Тэр тушаал гаргасан Сангийн сайд нь байж байна. Шийдвэрийг Засгийн газар дээр гаргасан Ерөнхий сайд нь байж байна. 49 хувийг оруулж ирсэн гэж байгаа аж ахуйн нэгжийн нөхөд байж байна. Бүгдийг дуудаж ирээд УИХ дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй.
УИХ дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй
Одоо цаашаа юу хийх хэрэгтэй вэ гэж сая асууж байсан. Би 3 зүйл хэлье. УИХ-аар Нээлттэй сонсголын хууль гэж маш сайн хууль баталсан. Ц.Нямдорж өөрөө тэр нээлттэй сонсголын ахлах хэрэгтэй. УИХ-аас нээлттэй сонсголоор ажлын хэсэг байгуулаад, Ц.Нямдоржийг ахлагчаар нь тавьчих. Тэгээд өмнө байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан Б.Болор, ХХБ-ны Эрдэнэбилэг гээд бүх хүнийг авчраад суулгачих. Тэгээд “Би үнэнийг хэлнэ, зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангаргийг нь өргүү
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ