Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийсэн билээ. Энэхүү зохицуулалтыг өнөөдрөөс эхлэн даган мөрдөх юм. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:

  • Нэг талаас баруун эргэх боломжтой 12
  • Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
  • Гурван талаас баруун эргэх боломжтой 8
  • Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Харин дараах уулзваруудад нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, мэдээллийн самбар байршуулан өнөөдрөөс тогтмол баруун гар тийш эргэх дүрэм хэрэгжиж эхэллээ. Үүнд:

-Баруун дөрвөн замын уулзвар,

-Зүүн дөрвөн замын уулзвар,

-Гэсэр сүмийн уулзвар,

-Саппорогийн уулзвар.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ