"Аз жаргалтай хот" хөтөлбөрөөс онцлох 20 заалт

Нийслэлийн ИТХ өнгөрсөн сарын 29-нд "Аз жаргалтай хот" хөтөлбөрийг дэмжиж тогтоол баталсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дээрх нэр бүхий хөтөлбөрөө 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Ингээд хотын удирдлагуудын баталсан хөтөлбөрөөс онцлох 20 заалтыг хүргэж байна.

1. Ноос, ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн Эмээлтийн "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" байгуулна.
2. Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгах, жинг бууруулахад чиглэсэн Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна.
3. Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна.
4.Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлнэ. Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж, гарааны компаниудыг дэмжинэ.
5. Улаанбаатар хотын дүүрэг бүрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих борлуулалтын нэгдсэн төвийг барьж, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бизнес инкубатор төв байгуулна.
7. Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно.
8. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв /морин уралдаан, морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв/ барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтыг татна.
9. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Улаанбаатар тусгай бүс” байгуулна. "Улаанбаатар брэнд” /UB brand/ бий болгоно.
10. Жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
11. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.
12. Улаанбаатар хотын дагуул, хаяа хот, тосгодыг нутаг дэвсгэрийн бүсчлэлийн чиглэлээр хөгжүүлнэ. /эрчимжсэн мал аж ахуй, сүүний фермер, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэл, аялал жуулчлал/
13. Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын орчимд “Аэро сити” хот байгуулна.
14. Хөшигийн хөндийн хурдны зам барьж, Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ.
15. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот 2030" төсөл хэрэгжүүлж, хүрэх үр дүнг тодорхойлно.
16. Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлнэ.
17. Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар анхан шатны эмнэлгийн стандартыг хангасан барилга, лабораторийн тоног төхөөрөмжтэй загвар 10 өрхийн эрүүл мэндийн төв шинээр барина.
18. Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ”Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого-тогтвортой амьдрал” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
19. "Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тооцож ажиллана. Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын харилцаа холбооны зардлыг хэмнэх зорилгоор тоон технологийн дэвшилтэт системийг нэвтрүүлнэ.
20. Явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх үүднээс “Гудамж”, “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ