Архангай, Баян-Өлгийд сонгуулийн маргаан гарчээ

-Аймгууд сонгуульд бэлэн үү?-

УИХ-ын 2016 оны 6 дугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг аравдугаар сарын 19-ний лхагва гаригт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар тогтсон.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс

  • Улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч
  • Бие даагч 723 нэр дэвшигч байгаа ажээ.

СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД:

  • Монгол ардын нам
  • Ардчилсан нам
  • Иргэний зориг-ногоон нам
  • Монголын ногоон нам
  • Бүгд найрамдах нам
  • Монгол ардын хувьсгалт нам
  • Ардчилсан нам-монгол ардын хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл
  • Эх орон нам
  • Монгол үндэсний ардчилсан нам
  • Хөдөлмөрийн үндэсний нам оролцож байна.

Орон нутагт сонгуулийн бэлтгэл ажил ямар түвшинд хийгдэж байгаа талаар аймгуудын Сонгуулийн хороотой утсаар холбогдож мэдээлэл авлаа.

АРХАНГАЙ аймгийн СОНГУУЛИЙН ХОРООНЫ Нарийн бичгийн дарга Ц.САМДАН:

  • Манай аймагт 849 хүн нэр дэвшиж байна. Бүртгэлийн явцад маргаантай гэх хоёр хүний асуудал гарсан. Одоогоор шүүхийн шатанд явж байна. Санал авах ажиллагаа УИХ-ын сонгууль болсон хаяг дээр хэвээр явагдана. Сонгуулийн хороонд ажиллаж байгаа ажилчдыг хоёр хувааж, сургалтад хамруулсан. Манай аймагт 59 мянган сонгогч санал өгнө.

БАЯН-ӨЛГИЙН аймгийн СОНГУУЛИЙН ХОРООН дарга А.ДАРИМХАН:

  • Өнөөдрийн байдлаар саналын хуудас, санал тоолох автомат төхөөрөмж, иргэний бүртгэлийн машин Сонгуулийн хороонд ирсэн байгаа. Энэ долоо хоногт багтаад сумдад хүргэнэ. Манай аймагт 329 мандатын төлөө хоёр намаас 711 нэр дэвшигч бүртгүүлсэн. Бүртгэлийн явцад хууль зөрчсөн гэх дөрвөн хүний асуудал шүүхээр явж байгаа. УИХ-ын сонгуулиар “царцааны нүүдэл” их байсан учраас саналын хуудас дутсан. Харин энэ сонгуулиар сонгогчид шилжилт хөдөлгөөн хийхгүй тул саналын хуудас хангалттай хүрнэ гэж тооцоолж байна.

БАЯНХОНГОР аймгийн СОНГУУЛИЙН ХОРООН дарга Д.ЮНДЭНБАЗАР:

  • Сонгуулийн бэлтгэл ажил хуулийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуульд нийтдээ 834 нэр дэвшигч 418 мандатын төлөө өрсөлдөнө. Бүртгүүлсэн нэр дэвшигчээс 32 нь бие дааж өрсөлдөж байгаа. Аймгийн төвд саналын хуудас, санал тоолох автомат машин, иргэний бүртгэлийн төхөөрөмж ирсэн. Энэ долоо хоногт багтаад сумд руу хүргэнэ. Санал авах байрны хаяг хэвээр байгаа бөгөөд шинээр Баянцагаан сумын Баянбулаг сум, Баянговь сумын Хэлтгий багийнхан баг тус бүр өөрсдийн баг дээр саналаа өгнө. Ингээд аймгийн хэмжээнд нийтдээ 106 санал авах байр ажиллах юм.

БУЛГАН аймгийн СОНГУУЛИЙН ХОРООН дарга Д.НАРАНБАЯР:

  • Булган аймгийн хувьд 340 мандатын төлөө 735 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд гурван нам, 61 бие даагч оролцоно. Манай аймгийн хувьд 41 мянга гаруй сонгогчтой. Нийт 75 санал авах байраар дамжуулж санал авна. Санал авах байруудын хаягийг орон нутгийн сониноор дамжуулж олон нийтэд мэдээлсэн. Булган аймаг нийслэл хоттой ойрхон учраас саналын хуудас, санал тоолох автомат машин, иргэний бүртгэлийн төхөөрөмжөө өөрсдөө очиж авна. Бид маргааш хот руу гарах төлөвлөгөөтэй байна.

ДОРНОГОВЬ аймгийн СОНГУУЛИЙН ХОРООН дарга Н.ХОНГОРЗУЛ:

  • Саналын хуудас, санал тоолох автомат машин, иргэний бүртгэлийн төхөөрөмжөө хүлээж авлаа. Энэ долоо хоногт багтаад сумдад хүргэж ажиллана. Сонгуулийн өдөр ирцийг хангалттай байлгах зорилгоор санал авах байрны тоог нэмсэн. Ингэхдээ 64 тойрогт 70 санал авах байр ажиллана. Санал авах байрны хаягийг сонгогч бүрд очих урилга дээр хэвлэсэн тул мэдээлэл хангалттай очсон гэхэд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ