УИХ-ын чуулган дахиад л завсарлалаа


УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг түр завсарлуулах Захирамж гарчээ. Захирамжаар чуулганы хуралдаан сонгууль өнгөртөл хуралдахгүй юм байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдах байв. Гэвч ирц хүрээгүй тул тус байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан юм. УИХ дахь намын бүлгүүд мөн өчигдөр хуралдаагүй. Шалтгаан нь мөн л ирц бүрдээгүй.
Гишүүд орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор хөдөө ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс ирц бүрдэхгүй шалтгаанаар хуралдаанууд цуцлагдсаар байв.
Тэгвэл мөн УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу чуулганы хуралдааныг завсарлуулахаар боллоо. Тодруулбал, Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурсан байна.

Хэдийгээр чуулган завсарлуулах шалтгааныг төсвийн төсөлтэй холбон тайлбарлаж байгаа хэдий ч сонгуультай холбон үзэх хүн олон байгаа юм. Уг нь аливаа хууль, тогтоолыг чуулган албан ёсоор өндөрлөсөн үед танилцуулан хэлэлцдэг. Ямартай ч энэ удаад ирэх жилийн төсвийн асуудлаар чуулганыг түр завсарлуулахаар болсон гэлээ.
Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжлэх аж.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ