100 грамм, даруулганд 50 грамм

Монголын минь гурван хүний нэг нь Солонгос улс явж үзсэн гэсэн албан бус судалгаа байдаг юм байна. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл дор бүрээ бужигнан ажиллах Солонгосчууд нэг талдаа асар их стресттэй хүмүүс байдаг. Иргэд нь их ачаалал ажлын стрессээ манай хотынхон шиг ууж дуулж тайлдаг. Гэхдээ илүү олонх нь христийн сүм шашны цугларалтуудад явж тайтгарлыг хайдаг. Тэгээд шөнө харанхуйд Солонгосын хотуудыг дээрээс харвал Христийн загалмайн улаан гэрэл хэрсэн мэт улалзан харагдана.
Манай нийслэлийг дээрээс тольдвол нэг иймэрхүү илт том ялгарал байхгүй. Харин гудамж хорооллоор нь давхих юм бол баар, буудал гэсэн гэрлэн даллага хаа сайгүй тааралдана. Баар цэнгээний газар хамгийн олонтой, шөнөдөө хөл хөдөлгөөнтэй гудмаар хэдэн жилийн өмнө 3, 4-р хорооллын төв гудамж тодорч “Монголын шөнийн Хонг Конг” гэсэн албан бус өргөмжлөл ч зүүж байлаа. Одоо бол иймэрхүү Хонг Конг, урд хөршийн Эрээн хоттой ялгарахгүй болсон гудамж талбай зөндөө. Зах зээлийн жамаар ууш цэнгээний газрууд өрсөлдөж үйл ажиллагаа явуулж байгаад бид яагаад эмзэглэх ёстой гэж. Татвараа төлж эрсдэл хүлээж түрээс төлөн амьдарч байгаа буудал баарны эздийг баян феодол мэт харах хандлага ч байдаг. Одоо цаг өөр болсон. Юм хийж мөнгө олж байгаагаа ад үздэг цаг ард үлдсэн.
Харин ямар түвшний чанар стандартад хүрч үйлчилж байнаа гэдгийг л хатуу ярих цаг. Ганцхан үйлчилгээний төв тойроод км хүрэхгүй газарт 23 баар уушийн газар байна гэнэ. Тоо нь өсөж байгаагаараа бол өрсөлдөөний дагуу үйлчилгээ чанар нь нэмэгдээд байх ёстой. Гэтэл эсрэгээрээ улам л дордож, согтууруулах ундаагаараа дагнасан шинжтэй, их уух тусам урамшуулсан, үнийг нь хямдруулсан урхидалт гаргах болжээ.
Үдшийн 22 цагаас хойш хоол зууштай баар олох гэдэг бараг үгүй. Архи пиво авлаа даруулганд нь сайндаа самар, төмс санал болгодог. Үгүй бол мөнгөө хэмнээд цэвэр ус, нэг бол 100 граммаа 50 граммаар даруулаад тас.
Хяналт тавьдаг мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтнуудтайгаа сайн нөхрийн харилцаанд орсон баар уушийн газруудад чанар стандарт гэж үнэндээ байхгүй болсныг хэлэх хүн олон болсон. Харин энэ асуудлыг барьж аваад шийдэх аль аль талыг нь харсан төрийн зохицуулалт дутсаар ирсэн. Цагдаагийн байгуулллага нэгдсэн арга хэмжээгээр хааяа бут авах ч энэ их үргээлгээс нь аятайхан мултраад сурчихсан баарнууд “даам” хэвээрээ л байдаг.
Энэ талд одоогоор сонсогдоод байгаа гэгээтэй мэдээ бол Хотын шинэ дарга Сү.Батболд баар цэнгээний газруудын дээрх хяналтаас гарах шахсан замбараагүй байдалд хязгаар тавьж шинэ стандарт мөрдүүлэх асуудлыг судалж ирэх оны 1-р сараас мөрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Үйлчилгээний газар гэхээсээ их архидалтын үүр болчихоод байгаа баар уушийн газрын үйлчилгээг ТҮЦ –ний хэлбэрээс нь гаргаж авахгүй бол дэндүү болсон байгааг Хотын удирдлага харсан байна.
Адилхан амьдрах гэж яваа иргэдийнхээ бизнес үйл ажиллагааг хааж боож хязгаарлаж биш шинэ чанар стандарт тавьж, үүнийхээ хэрэгжилтэд хяналт тавин цэгцлэх гэж байгаа нь баланстай арга хэмжээ болжээ гэж болохоор.
Их ажилтай явж явж нэг амрахаараа бид юу боддог билээ. Сүмд очьё гэх хүн тийм олон биш. Харин хааяа шөнө гараад ойр бааранд бэл бэнчиндээ тааруулаад аяга пиво, өндөгний омлет аваад суумаар болдог. Гэвч жижиг гэх баар уушийн газрын давчуу мухар, бохир үнэр агаар, доторх таагүй орчин, архийг архиар даруулах ширүүн нөхдөөс нь айгаад байдаг. Он гараад шинэ стандартаа бариад явбал энэ байдал цэгцрэх л юм байна.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ