“Өргөө” амаржихынхан хагалгаа хийж чадахгүй байна

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын тааз нурж, хагалгаа хийж байсан эмч, өвчтөнүүд дарагдах эрсдэлд хүрч болзошгүй нөхцөл үүссэн билээ. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнтааз нурснаас 69.2 сая төгрөгийн хохирол учирсан явдал өнгөрсөн долоо хоногт гарсан. Нурсан даруйд нь цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагаас яаралтай шалгалт хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм.

Тэгвэл энэ хугацаанд тус эмнэлгийнхэн цаашид хэрхэн ажиллах нь тодорхойгүй, дүгнэлтээ хүлээн хагалгаагаа хойшлуулсаар байна. Энэ хугацаанд тус эмнэлэгт хийх яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-рүү шилжүүлсээр байгаа юм. Харин тус эмнэлэгт төлөвлөгөөт хагалгаа хийлгэх хүмүүс хүлээлтийн байдалд бий.

Тэгвэл дүгнэлт хэзээ гарах талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулбал, “Байцаагч нар ажиллаж байгаа. Энэ долоо хоногтоо гарах байх” гэх хариуг өглөө.

Энгийн үед тус тасагт өдөрт л гэхэд 5-6 хүн, долоо хоногт 30 гаруй яаралтай хагалгаа хийдэг байна. Энэ мэтчилэн хагалгаануудыг өөр эмнэлэг рүү шилжүүлэх, хүлээлгэх байдалд байгаа аж.

Уг нь эмэгтэйчүүдийн мэс заслын өрөө бүхий өргөтгөлийг дөнгөж 2013 оны нэгдүгээр сарын 29-нд ашиглалтад оруулжээ. Албаныхны мэдээлж буйгаар гадаадын тусламжаар 7.2 сая төгрөгөөр “Цаст констракшн” компани гүйцэтгэсэн байна. Нуралт өгсний дараа гүйцэтгэгч компанийнхан ч ирж ажиллаад явсан хэмээн тус амаржих газрын дарга Д.Энхбаяр мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ