Засгийн газруудын 100 хоногийг харьцуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн дэд дарга Ж.Батзандан орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “2016 оныорон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан.Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сонгуулийн Ерөнхий хороо, Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.
Тухайлбал,

-Зарим сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад саналын хуудас хэвлэгдсэн гэх шалтгаанаар Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Марений Төлег, Байдиковын Аманкелди, Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Торпахын Мурат, Меденханы Тилепберген, Ногооннуур сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Заводханы Серикбай нарыг бүртгэх,

-Хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжтой байлгах, сонгогчдын санал өгсөн эсэх байдлыг тэмдэглэх, хурууны тэмдэглэгээг ашиглах асуудлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханы аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73 000 иргэн хурууны хээ таниулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгүүлсэн асуудлыг давтан гаргуулахгүй байх,

-Санал хураалтын цаг дуустал санал хураалтын автомат машиныг сүлжээнээс салгах, санал хураалтын явцын дүн болон аливаа мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах,

-Тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтанд оролцуулахгүй байх, тухайлбал хугацаат цэргийн албан хаагчдыг зохион байгуулалттайгаар санал өгүүлэх хууль бус ажиллагааг таслан зогсоох,

-Сонгуулийн санал авах байрны камерыг сонгогчдын нүүр рүү харуулах, бичлэгийг үзэх боломжоор хангах зэрэг асуудлуудыг судалж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг хүссэн байна.

Улстөрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос нь ард түмэн байх ёсгүй

Мөн Өмнөх парламентын баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг шинэ парламент хүчингүй болгосон билээ. Тэгвэл тус хуулийг хүчингүй болгох нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож оронд нь “Насны хишиг” тэтгэмжийг 70-аас дээш насныханд улирал тутамд олгохоор болсон.

Энэ талаар иргэн Г.Аким “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзээд хэсэг ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улстөрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй. Тэтгэвэр бол бидний насан туршдаа хуримтлуулсан хувийн өмч. Энэ өмч хөрөнгийг өвлүүлэх эхний алхам нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Үүнийг шинэ засаг гараад хүчингүй болгож болохгүй” гэсэн юм.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтэд жилд 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байжээ. Манай улс жилд 1.4-1.5 тэрбум төгрөгийг тэтгэвэрт олгодог байна.

Өмнөх Засгийн газар 100 хоногт ямар ажлууд хийж байв

АН-ын бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдсан гээд дараах дүгнэлтийг АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцууллаа. “Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо. Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” гэлээ.

Өмнөх Засгийн газрын 100 хоногийг одоогийн Засгийн газрын 100 хоногтой харьцуулжээ.

100 хоногийн харьцуулсан тойм

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт

/Монгол Ардын Нам - 2016 он/

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт

/Ардчилсан нам - 2012 он/

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.

2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон.

2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов.

2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.

2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон.

2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв.

2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.

2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов.

2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов.

2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан.

2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов.

2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан.

2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа.

2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн.

2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.

- МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар дээлтэй" ажиллаж байна.

- Дэд сайдын албан тушаалыг бий болгов.

- Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

- Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав.

2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов.

2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив.

2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа.

2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.

2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан.

2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав.

2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв.

2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.

- Зөрчлийн тухай хуулийг буцаасан.

2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив.

2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.

/- Орон сууцны шинэ татвар бий болгоно

- Суудлын автомашины татвар нэмэгдэнэ

- Цалингийн татвар төлнө

-ХАОАТ-ыг нэмнэ

- Ашигт малтмалын татварыг өсгөнө

- Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.

2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ