Тусгай хэрэгцээт боловсрол олгох “ТЭМҮҮЛЭЛ-2” бүлэг нээгдлээ

Дархан аймгийн 7 дугаар цэцэрлэгийн дэргэд тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл-2” бүлгийг өнөөдөр нээлээ. Тус бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 12 хүүхэд хамрагдаж байна.

“Тэмүүлэл-2” бүлгийг энэ хичээлийн жилд нээх шийдвэрийг гарган БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах нийгэмлэгийн /ТИКА/ буцалтгүй 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн агуулахын хоёр өрөөг засварлан “Тэмүүлэл-2” бүлэг болон Сэргээн заслын төвийг ийнхүү нээж байгаа юм. Энэ хүрээнд дээрх хоёр өрөөний хуучин барилгыг нурааж хоёр метрээр өргөтгөн барилгын угсралтын ажилд 77 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн гүйлтийн зам, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, ХБХ-ийн сандал ширээ, хивс, тоглоом зэрэг шаардлагатай 23 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг хийсэн тухай ТИКА-ийн төлөөллүүд хэлж байв.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Мэхмэд сурэйяа эр хэлэхдээ: “2016 оны 6 дугаар сард ажлын айлчлалаар Дархан хотод ирэхдээ энэ төслийг эхлүүлэхээр шийдсэн нь өнөөдөр үнэхээр сайхан ажил болж чадлаа. Боловсролын салбар бол бидний хувьд их чухал. Энэ салбарт ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулах боломжийг олгож хамтарч ажилласан Дархан хотын удирдлагуудад баярлалаа” гэв.

Манай улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш, хөдөлгөөн засалч дутмаг байдаг байна. Иймд тус бүлгийн багш, хөдөлгөөн засалч нарыг тусгай сургалтад хамруулан бэлтгэсэн бөгөөд багш ажилчдын цалин зэрэг урсгал зардлыг аймгийн удирдлагуудын зүгээс төсөвт суулган шийдвэрлэжээ.

Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 12 нь 2015 оны 6 дугаар сард нээгдсэн “Тэмүүлэл-1” бүлэгт хамрагдсан бол “Тэмүүлэл-2” бүлгийг нээн мөн 12 хүүхдийг хамруулснаар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 гаруй хувийг СӨБ-д хамруулаад байна.

Ингэснээр тус цэцэрлэг нь ХБХ-дэд зориулсан тусгай хэрэгцээт боловсрол олгох улсын хэмжээн дэх хоёр дахь цэцэрлэг болоод байна. Мөн Сэргээн заслын төвтэй болсноор аймгийн хэмжээн дэх цэцэрлэгийн насны ХБ-тэй бүх хүүхэд уг төвөөр үйлчлүүлэн хэл засал, ахуй засал, хөдөлгөөн засалд хамрагдах боломжтой боллоо.

“Тэмүүлэл-1” бүлэгт хамрагдсан хүүхдүүдийн бие болон оюуны хөгжил сайжирч, эцэг эхчүүд нь ч ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бий болсноос гадна ажлын байр нэмэгдсэн зэрэг олон сайшаалтай үр дүн гарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ