Хамгийн олон нэр дэвшигчтэй нь Завхан аймаг

Яг долоо хоногийн дараа орон нутгийн сонгууль болно. Энэ хэдхэн хоногт хөдөө орон нутгийн сонгуулийн хороод ямар ажил амжуулах талаар аймгийн сонгуулийн хороодтой холбогдож тодруулга авсан юм.

ДОРНОД аймгийн сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий:

Аймгийн хэмжээнд 48 мянган сонгогч санал өгнө. Сонгогчийн идэвхийг сайжруулах үүднээс санал авах байрны хаяг, саналын хуудас бөглөх зааварчилгааны хамт тарааж байна. Орон нутгийн хэмжээнд дөрвөн намаас 607 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Саналын хуудас болоод санал тоолох машин, иргэний бүртгэлийн төхөөрөмжөө энэ долоо хоногийн эхээр хүлээж авсан. Өнөөдрөөс сумд хүргэх ажил эхэлсэн гэлээ.

ДУНДГОВЬ аймгийн сонгуулийн хорооны О.Чулуунбат:

Санал тоолох машин, саналын хуудас, иргэний бүртгэлийн төхөөрөмжөө хүлээж авсан. Аравдугаар сарын 14-нөөс эхлээд сумд тараана. Тараах ажилд таван групп ажиллах бөгөөд сонгуулийн хорооны ажилтан, улсын бүртгэлийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтан, цагдаа, тагнуул нийлсэн таван хүн нэг групп болж ажиллана. Аймгийн хэмжээнд 295 мандатын төлөө гурван намаас 604 хүн өрсөлдөж байгаа. Нэр дэвшигчийг бүртгэх явцад хууль зөрчсөн гэж үзээд гурван хүнийг бүртгэхээс татгалзсан. Одоогийн байдлаар шүүхэд шилжсэн байна.

ЗАВХАН аймгийн сонгуулийн хорооны дарга Ч.Дэмчигсүрэн:

Манай аймагт хамгийн олон нэр дэвшигч буюу 923 хүн 442 мандатын төлөө өрсөлдөж байна. Санал авах тоног төхөөрөмжөө хүлээж авсан. Өнөөдрөөс сумд хүргэх ажлын хэсэг замдаа гарч байна.

ӨВӨРХАНГАЙ аймгийн сонгуулийн хороо Т.Гончигдорж:

Манай аймгийн хувьд ажил жигдэрсэн. Бид саналын хуудас, санал тоолох машин, иргэний бүртгэлийн төхөөрөмжөө хүлээгээд авчихсан. Бүх сумдаа тараасан. Аймгийн хэмжээнд 447 мандатын төлөө 881 хүн нэр дэвшиж байна. Орон нутгийн сонгуулиар 72635 сонгогч 112 санал авах байраар дамжуулж саналаа өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ