Путин Парисыг зорихоос татгалзав

Кремль мягмар гаригт /2016.10.11/ мэдэгдэл хийж, ирэх долоо хоногт төлөвлөсөн Владимир Путины айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилсныг дуулгалаа. Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэдний төлөвлөсөн арга хэмжээг айлчлалын хөтөлбөрөөс хассан байжээ. Үүнээс болж айлчлал хойшлогдсон бололтой.

Путин Францад айлчлах тухайгаа өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэж, талууд Сири, Украин, хоёр талын харилцаа гээд олон асуудлаар ярилцахаар тохиролцоод байв. Гэтэл энэ сард Сирийн байдал хурцадмал болсноос Орос болон барууны харилцаа таагүй болж, “хамраасаа цус гаргах” дээрээ тулаад байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд аравдугаар сарын 9-ний өдөр телевизээр ярихдаа Путинтэй уулзах шаардлагатай эсэхдээ эргэлзсэн тухай хэлжээ. Оросын дипломатчийн хэлснээр, айлчлалын дэгийг тохиролцсон байтал Францын тал өөрчлөхөөр шахалт үзүүлсэн гэнэ. Олланд Парист нээгдэх ёстой байсан Оросын шашин, соёлын төвийн нээлтийг хориглож, зөвхөн хэлэлцээ хийнэ гэх мэтээр хандсан тул Кремль уг айлчлалаас татгалзахад хүрч байгааг эх сурвалжууд хэлсэн байна. Улс төрийн тааламжгүй үед уг төвийг нээх нь ач холбогдолтой гэж Оросын ерөнхийлөгч Путин үзэж, ихээхэн ач холбогдол өгч байсан тул Францын талын саналыг хүлээж авахаас татгалзаад зогсохгүй айлчлалыг цуцлах хэмжээнд хүрчээ.

Сирийн мухардлаас гарах эрэлхийллийг АНУ, Франц, Германд төрийн тэргүүний сонгууль дөхсөн нөхцөл байдал улам ээдрээтэй болгож байна. Ийм нөхцөлд тэд алсыг харсан шийдвэр гаргах нь хүндрэлтэй болж байна. Францын олон нийтийн санал асуулгаар 2017 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд Олландын оронд өөр удирдагч тодорно гэсэн үр дүн харагдсан байгаа.

Франсуа Олланд мягмар гаригт Европын зөвлөл дээр үг хэлэхдээ “Сирийн асуудлаар Москватай шударга хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдээд, Францын төсөлд Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр хориг тавьсан ч Путинтэй хэзээ ч уулзаж, ярилцаж болно” гэжээ.

Удахгүй аравдугаар сарын 19-ний орой Орос, Францын лидерүүд Берлин хотноо “Нормандын дөрвөл” (Орос, Франц, Герман, Украин) орнуудын лидерийн уулзалтад дээр уулзах юм. Энэ тухай Францад суугаа Оросын Элчин сайд Александра Орлов мэдээлсэн байна. Дөрвөлийн уулзалт хийхийг Ангела Меркель санал болгосон юм.

ВЛАДИМИР ПУТИНЫ ЦУЦЛАГДСАН АЙЛЧЛАЛУУД:

2012 оны тавдугаар сар. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Их наймын” саммитад Ерөнхий сайд Медведевийг илгээв. Путин энэ үед ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байсан бөгөөд Засгийн газраа эмхлэх их ажилтай байжээ. Энэ нь ОХУ том саммитад оролцохоо зогсоосон хоёр дахь тохиолдол байлаа. Эхнийх нь Москвагийн Дубровкад террор болсны дараа буюу 2002 онд Путин Мексикт болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны саммитад оролцоогүй тохиолдол юм.

2012 оны аравдугаар сар. Владимир Путин Турк, Пакистан, Энэтхэгт хийх айлчлалаа хойшлуулснаас гадна Ташкентын Тусгаар тогтносон орнуудын саммитад оролцсонгүй. Ерөнхийдөө Украины сөргөлдөөний дараагаас түүний айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт орох нь нэмэгджээ.

2014 оны гуравдугаар сар. Владимир Путины дөрөвдүгээр сард ту улсад хийх айлчлалыг цуцлах эсвэл хойшлуулах саналтай байгаагаа Франц мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч дэлхийн I дайнд амь үрэгдсэн орос цэргийн оршуулгын Курси дэх газар очих ёстой байлаа. ”Энэ үед уг айлчлал хэр тохиромжтой байх, түүнийг хойшлуулж болох эсэх талаар Оростой зөвлөлдөнө” гэж Францын ГХЯ гуравдугаар сард мэдэгдэж байсан юм. Путины айлчлал тэр жилийнхээ сүүлчээр болсон.

2014 оны есдүгээр сар. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Оросын ерөнхийлөгчтэй хийх хоёр талын саммитыг хойшлуулав. Энэ тухай “Kyodo” агентлаг Барак Обамагийн шахалтаар ийм шийдвэр гаргасан гэж мэдээлж байсан юм.

2015 оны гуравдугаар сар. Владимир Путин Астана хотноо төлөвлөгдсөн Беларусь, Казахстаны ерөнхийлөгч нартай уулзах ёстой байсан ч ирээгүй юм. Путин энэ үед буюу гуравдугаар сарын 5-16 өдрүүдэд олон нийтийн өмнө гараагүй. “Reuters” агентлаг тухайн үед Оросын ерөнхийлөгчийг өвчтэй гэж мэдээлсэн нь Путины хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч эрүүл саруул байгаа” гэсэн мэдэгдлийг хийхэд хүргэсэн юм.

2015 оны арваннэгдүгээр сар. Путины Филиппинд хийх айлчлал хойшлогдов. Төрийн тэргүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны саммитад оролцох ёстой байсан юм. Ерөнхийлөгчийн оронд Ерөнхий сайд Дмитрий Медведев уг саммитад оролцож байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ