Б.Гантулга: 105 ажилтны гэрээний хугацаа дууссан

Дэлхийн банк болон Швейцарийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амжиргаа-3” төслийн 21 аймаг дахь сум дэмжих багуудын нийт 105 ажилтанг хоморголон халсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Сангийн яамнаас энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуралд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга, Өрийн удирдлагын хэлтсийн дарга М.Нарангэрэл тэргүүтэй хүмүүс оролцсон юм.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга "Төслийн хүрээнд тэдгээр 105 ажилтныг Хөлсөөр ажиллуулах гэрээний хүрээнд зургаан сарын хугацаатай гэрээ байгуулж ажилд авсан. Гэрээний хугацаа дууссан. Монгол Улсад хэрэгжиж байгаа аливаа төсөл хөтөлбөрийн хүрээнд зөвлөх ажилтнуудыг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулдаг. Энэ бол нийтлэг зүйл." гэсэн юм.

Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга М.Нарангэрэл "Тухайн үед гэрээний хугацаа дуусгавар болох байсныг энэ хэлэлцээрийг дахин үргэлжлүүлье гэсэн саналыг харгалзан үзэж хоёр сарын хугацаатай сунгасан. Энэ хугацаа нь есдүгээр сар өнгөрөөд дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор есдүгээр сарын 28-нд Сангийн яамнаас хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болж байгаа талаарх албан бичгийг хүргүүлсэн байгаа. Одоогоор орон нутгийн хөгжлийн сангийн ажлын явцыг үнэлж, дүгнээд, санхүүжүүлэгч байгууллагын тавьсан санал дээр үндэслээд төслийн шинэ загварыг бий болгоод эцсийн шийдвэр гарсны дараа орон тоо, ажлын байрыг дахин зарлах байдлаар ажиллаж байна. Зарласны дараа хэн ч нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлье." гэсэн тайлбарыг өглөө.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ