Хүнлэг шийдвэрийн салхи хагарлаа

Хөнгөвчлөх тасаг мэдэх үү? гэсэн асуултад ээрэгдэн зогсох ар гэрийнхнийг эмнэлэгт харсан хүн цөөнгүй л байх. Хэн нэг нь хорт хавдар туссан хэрэг. Ирсэн бол амийг нь аваад буцдаг болоод байгаа хавдар дотроо элэгний хавдар хамгийн их ноёрхсон. Жилд элэгний хорт хавдраар манай улсад 2000 орчим хүн оношлогддог бөгөөд аврагдах ганц найдвар нь элэг шилжүүлэн суулгах сонголт дээр ирдэг. Жилд дунджаар 200-гаад хүн элэг шилжүүлэн суулгах, эс бөгөөс энэ хорвоог орхих хүнд сорил дээр ирдэг. Элгэмсэг ах дүүсэг Монголчууд нэгийгээ харж байгаад үхүүлчихгүй. Яаж ийгээд мөнгө босгож харийг зорино. Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг орнууд энэ чиглэлд нэр тод гарна. Зөвхөн эмчилгээний зардлаас гадна асран хамгаалагч, орчуулагч, аян замын хэрэглээ гээд нэг гэр бүл дор хаяж 100 сая төгрөг, эмчилгээтэй нь нийлээд 200 сая төгрөг босгож байж үр дүнтэй эмчилгээнд явж эх орондоо амь бүтэн ирцгээдэг.

Үүнийг манай эмч нар 4 дахин бага зардлаар хийж чадна гэдгээ хэлсэн. Элэг шижлүүлэн суулгаж чадахаа ч харуулсан. Хотын дарга саяхан гэнэт Хавдар судлалын үндэсний төвд зочлон элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийх нэг тэрбумын эх үүсвэрийг шийдэх болсноо мэдэгдлээ. Энэ мөнгийг хаанаас гаргах нь үнэндээ тийм сонин биш. Нэг байтугай хэдэн тэрбумыг нэг км зам тавина гээд гаргачихдаг хэрнээ эмнэлгийн имранд ганц тэрбумыг хэдэн шатны хурал хийж байж цохдог баруун, солгой хоёр гартай төртэй болсноо иргэд одоо мэдэх болсон.

Хүнлэг энэрэнгүй гэх энэ нийгэмд хүн нь бүтээн байгуулалт байшин барилгын дараа орж төрийн мөнгөний хуваарилалтаас өчүүхэн багыг хүртдэг энэ балай жишгийг халсан анхны хотын Мэр С.Батболд болов.

Одоо элэг солиулах, эс бол үхэх гэсэн дэнсэн дээр ирээд байгаа олон хүн тэдний гэр бүлийнхэнд найдварын оч харвасан нь энэ жилийн гэгээтэй мэдээний тоонд дээгүүр орохоор үйл явдал боллоо.

Төрийн аль ч шийдвэр, төсөв мөнгөний хуваарилалт дээр хүнээ эхэлж харсан ийм жишиг тогтох ёстой. Малаа нэг бүрчлэн тоолж зуднаар хандив цуглуулах хэрнээ чимээгүйхэн хавдраар хорвоог орхиж буй хэдхэн иргэнээ эцсийн найдвараа шавхтал тэмцэх боломж, итгэлээр тэтгээд өгөхгүй бол олон тэрбум ам.доллараар газрын доорх баялагаа зараад ер нь яах юм бэ.

Энэхүү тэрбумын шийдлээр Хүнлэг шийдвэрийн салхи нь хагарсан байх болтугай. Ирэх жилийн төсөвт эрүүл мэндийн шинжилгээ судалгааны орчин үеийн ганц төв барих мөнгө сууж, жил болгон харийн хүний хоол болдог 144 тэрбумыг эх орондоо, иргэдийнхээ халаасанд үлдээх болтугай.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ