БХИС түүхийн музейгээ шинэчлэн дэлгэлээ

Монгол улсын баатар Л.Гэлэгбаатар баатарлагаар тулалдан амь эрсэдсэн 1939 оны 5 дугаар сарын 27... Тэрхүү тулалдааныг сэтгэлд зурж, чихэнд хоногштол дүрслэн үзүүлсэн диаграмм. Цаахантай нь цэргийн алба хаасан эр хүн бүрийн хуарангийн найз Марина буюу цэргийн байрны шал өнгөлөгч хэмээх өөр хаана ч байхгүй нэг сонин үзмэр зогсоно. Түүнчлэн эдүгээгийн Батлан Хамгаалахын Их Сургуулийн үндэс Ардын цэргийн даргын сургуульд тохирох залуусыг сонгохоор олон нийтийн анхаарлыг татахад ашигладаг байсан хуучны пионер бөмбөр, дун бүрээ нүд баясгаж, хараа булаана.
Энэ мэтчилэн сонин сайхан үзмэрээр нэн баялаг нэгэн музей олон нийтэд үүдээ нээсэн нь БХИС-ийн түүхийн музей бөгөөд тус сургуулийн хамт олон түүхт ойгоо тохиолдуулан түүхийн музейгээ шинэчлэн дэглэсэн нь энэ юм. Энэхүү музейн нээлтэд тус сургуулийн эрт, эдүгээгийн захирал, удирдлагууд болон гавьяат, генералууд хүндтэй зочин болон уригдсан байлаа.
Музейн шинэ дэглэлтийг хариуцан зохион байгуулсан бэлтгэл хурандаа Е.Мөнхчулуун энэхүү музейд сургуулийнхаа хөгжлийн байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх түүхийн үечлэлүүд, мөн бүрэлдэхүүн сургуулиудынхаа онцлогийг гаргахыг зорьсноо өгүүлээд, музейн үзмэр, түүхийн баримтуудыг цахим хэлбэрт оруулсанаараа шинэлэг болсон хэмээн тайлбарлалаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ