А.Мөнхтулга: Ашиг орлогыг хуваахгүйн тулд бидний киног гаргахгүй гэсэн

Кино театрууд моно­польдож, киночдын хөдөл­мөрийг шулж байна гэсэн гомдол олон жил шийдэгдэхгүй үргэлжилж байгаа.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай хэн хүнгүй л ярьдаг. Энэ үгийг зөвхөн материаллаг байдлаар хүлээн авдаг цаг улиран одов. Бид оюу­ны үйлдвэрлэл хэмээх агуу баялгаа түгээн дэлгэрүүлж, түү­гээрээ эх орноо суртал­чилж,дэлхий дахинаа гай­хуулсаар багагүй хугацааг ардаа үдлээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлийн төрөлд ч дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэх болсон. Үүнд дотоодын өрсөлдөөн чухал нөлөөтэй нь дамжиггүй. Тэгвэл энэ өрсөлдөөн зах зээлийн шугамаараа явж байгаа гэж хэлж болох эсэх нь эргэлзээтэй дүр зураг ч бий, тиймээс хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн Киноны тухай хууль төөрөөд алга болчихлоо. Харин энэ нь зарим нэгэнд цаг хугацаа төдийгүй бусад ашигтай бүхнийг хожих боломжийг бүрдүүлсээр байна. Үүний нэг жишээгээр Өргөө кинотеатрыг тодотгоё.

Өргөө кино театр нь өөрийн монополь эрхээ тогтоогоод удаж байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл, монголдоо цөөхөн, тэр тусмаа нийслэлийн томд тооцогдох “архаг” гурван кинотеатрын нэг. Ер нь киноны уран бүтээлчид аливаа шинэ бүтээлийнхээ нээлтийг Өргөө, Тэнгис, Соёмбо гэсэн үндсэн гурван үзвэрийн газарт зайлшгүй хийдэг. Үзэгчдийн үйлчлүүлж хэвшсэн үйлчилгээний газар бол яах аргагүй дээрх байгууллагууд тул аль нэгэнд нь нээлтээ хийх боломжгүй бол киногоо гаргах шаардлагагүй болдог бололтой. Энэ давуу байдлаа хэт мэдэрсэн Өргөө кинотеатр нь уран бүтээлчдийн чадан ядан бүтээсэн уран бүтээлээс хэрхэн ашиг олдгийг тодорхой эх сурвалжийн мэдээлснээр хүргэе.

Зөвхөн кино гаргасан буюу танхимаар үйлчилсний хөлс хэмээн нийт орлогын 49 хувийг нь авдаг байна. Бас 10 хувь нь толгой компани болох Сод монголын бензиний шахаанд явна. Дээр нь НӨАТ гээд бас 10 хувь нь баяртай. Бас кино гаргахын тулд заавал захиралын гарыг хүндрүүлнэ, эс бол мэдээж киногоо аваад хаалгыг нь гаднаас нь хаана. Тэгэхээр үндсэндээ уран бүтээлчдэд нийт орлогын 30 хувь хүрэхтэй үгүйтэй нь үлддэг байна. Тэгж байтал 7-14 хоногийн дараа дахин дарамт эхэлдэг аж. “Одоо танай киног буулгахгүй бол болохгүй нь ээ” хэмээн дахин дарамт ирдэг гэнэ. Мэдээж гар хүндэрлээ, кино гарлаа. Томоохон танил талтай бол асуудалгүй, ямар ч уран бүтээлийн урдуур шургалан, бүх цаг, зар сурталчилгаа, анонсынх нь байрыг эзлэх боломжтой болдог байна. Энэ нь тухайн байгууллагын өөрсдийн эрх, хувийн ашиг сонирхол гэж хэлэн хүн бий. Гэвч шударга өрсөлдөөн бол зах зээлийн зөв голдирол төдийгүй энд үзэгчдийн ашиг сонирхол, сонголтыг хүндэтгэн авч үзэх нь нэн чухал.

Жишээ нь Продюссер А.Мөнхтулгын “Хараал” хэмээх киног товлон зарласан хугацаанд нь гаргалгүй “Сод монгол” группийн захирал болох Э.Анандбазарын найз болох Зам тээврийн сайд асан М.Зоригтын “Шүүдэр дундуур” киног гаргахаар болжээ. Ингэхдээ ашиг орлогыг хуваахгүйн тулд “Хараал” монголын уран сайхны киног цуцалсан аж.“Хараал” кино нь одоо монголын залуучуудын дунд өргөн дэлгэрч байгаа HALLOWEEN-д зориулан бүтээсэн кино бөгөөд энэ сарын 14-нөөс гаргахаар товлон зарласан байж. Түүнчлэн анонс зэрэг хэвлэлтдээ зарцуулсан 5 сая төгрөгөөр хохирчээ. А.Мөнхтулга “...хахуулиа өгөөгүй гэдэг үндэслэлээр болон М.Зоригтын киноны ашиг орлогыг хуваахгүйн тулд бидний киног гаргахгүй гэсэн.” хэмээн тайлбар өгсөн юм. Мэдээж халловин өнгөрсний дараа халловинд зориулсан киног тэр бүр хүн сонирхоод байхгүй л болов уу. Энэ мэтчилэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ашиг орлого, нэр хүндээрээ хохирч байгаа хэчнээн уран бүтээлчид байгаа нь тодорхойгүй. Дараагийн уран бүтээлээ бодоод дуугүй өнгөрөх нь бий л байх. ШӨХТГ О.Магнайгаар удирдуулж байхдаа энэ асуудлаар овоо дорвитой шийдвэр гаргаж эхэлж байсан ч удирдлагын жолоо шилжсэнээс хойш таг болсон.

Манай киноны уран бүтээлчид жилд дунджаар 30-40 орчим уран сайхны кино бүтээн, үзэгчдийн хүртээл болгодог байна. Гэтэл уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учир тодорхой бодлого, чиглэлгүй урсгалаараа явсаар өнөөг хүрээд байна.

Мянга ярьж, хэлж, бичээд хуульгүй салбарынхны зарим дураараа аашлагчдыг тийм ч амархан буулгаж авч чадахгүй нь бололтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ