Сонгуулийн тухай сонирхолтой тоо баримтууд

Өнөөдөр бүх ард түмэн өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэртээ анхан шатны төлөөллөө сонгож буй чухал өдөр. Тиймээс ч энэ сонгуульд иргэн бүр өндөр хариуцлагатайгаар оролцох үүрэгтэй. Олон нийт сонголтоо хийж буй энэ цаг мөчид бид магтаал, шүүмжлэл, элдэв дүгнэлт гэхээсээ илүүтэй үе үеийн сонгуулийн түүхэн дэх сонирхолтой зарим баримтуудыг түүвэрлэн хүргэхээр зорьлоо.

Энэ өдөртэй холбогдуулан орон нутгийн сонгуулиас эхлүүлье.

-2008 онд болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 15 тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс сонгогдсон нэр дэвшигчдийн олонхи нь МАХН-аас нэр дэвшсэн байжээ. Өөрөөр хэлбэл, тойрог тус бүр 3 мандаттай байсан гэхээр нийт 45 мандатын 36 нь тухайн үед МАХН-ын харьялалтай нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин бусад нь АН-аас нэр дэвшигчид байжээ.

-2012 оны сонгуульд Нийслэлийн 30 тойрогт сонгогдсон нэр дэвшигчдийн дийлэнхи нь буюу 20 нь АН-аас, 10 нь МАН-аас нэр дэвшигчид сонгогдож байсан байна.

Энэ жил УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль боллоо. Тэгвэл өмнөх сонгуулиудад хэн нь ялалт байгуулж байсан гэхээсээ илүүтэй иргэдийн оролцоо хэр байсан бэ гэдгийг сонирхуулъя. Анхны сонгууль 1992 онд 26 тойргоор зохион байгуулагдаж байжээ.

Сонгуулийн жил

Тойргийн тоо

Жагсаалтад бичигдсэн

Саналаа өгсөн

Хүчинтэй

Хүчингүй

1992

26

1085129

1037392 (95.60%)

1037392 (100.00%)

0 (0.00%)

1996

76

1147260

1057182 (92.15%)

1057182 (100.00%)

0 (0.00%)

2000

76

1247033

1027985 (82.43%)

1027985 (100.00%)

0 (0.00%)

2004

76

1329798

1088318 (81.84%)

1072596 (98.56%)

15552 (1.43%)

2008

26

1542617

1179448 (76.46%)

1160326 (98.38%)

19122 (1.62%)

2012

26

1836548

1235760 (67.29%)

1235760 (100.00%)

0 (0.00%)

Эцэст нь үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхуулъя.

-1993 онд Ерөнхийлөгчийн анхны сонгууль зохин байгуулагдаж МАХН-аас Л.Түдэв, МСДН-аас П.Очирбат нар нэр дэвшин өрсөлдөж П.Очирбат анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Тус сонгуульд 1106403 иргэн сонгууль өгөхөөс 1025970 сонгогч буюу 92.73 хувь нь саналаа өгчээ.

-1997 оны сонгуульд П.Очирбат /МСДН/, Н.Багабанди /МАХН/, Ж.Гомбожав /МАХН/ нар өрсөлдөж, Н.Багабанди сонгогдсон юм.

-2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди улиран сонгогдон төрийн тэргүүнээр нийт найман жил ажилласан. 2001 онд түүнтэй Р.Гончигдорж /АН/, Л.Дашням /МАХН/ нар өрсөлдөж байв. Уг сонгуульд 1155228 сонгогчоос 85.06 нь буюу 982640 иргэн саналаа өгчээ. Нийт саналын 97.26 нь хүчинтэй байсан бол 2.74 нь хүчингүй болжээ.

-2005 онд намуудын оролцоо нэмэгдэж МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон ардчилал эвслээс Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн байна. Олонхийн саналаар Н.Энхбаяр энэ удаад Ерөнхийлөгчөөр сонгогдов.

-2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэн Ц.Элбэгдоржтой өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар, гол нь нийслэлд ялагдсан юм. Тухайн сонгуульд 1493217 сонгогч саналаа өгөх байснаас 1098875 сонгогч буюу 73.59 хувь нь оролцож, сонгууль 98.77 хувиар хүчин төгөлдөр болсон байна. Гэхдээ 1.23 хувь буюу 13522 иргэний санал хүчингүй болжээ.

Ийнхүү дөрөв дэх Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдон ажиллаж байгаа бол ирэх 2017 онд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуулиар тэргүүнээ сонгох бидний ээлжит үүрэг, хариуцлага үргэлжилнэ.

Та бүхэн өнөөдөр үүргээ ухамсарлан сонгуульдаа идэвхтэй оролцож, хариуцлагатайгаар, гагцхүү шударга зарчмаар сонголтоо хийж, ирэх дөрвөн жилд засаг захиргааны анхан шатанд өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчөө сонгоно буй за.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ