Цалинтай ээжүүдийн баяр ба цаадах асуудал

Хүүхдээ харж буй ээжүүд тэтгэлэг авах болжээ. Урьд ардчиллын эхэн үед төрийн ийм чиглэлийн шийдвэр хүн амын өсөлтөө дэмжсэн бодлого гэж үнэлэгддэг байлаа. Энэ удаа бол төрдөө гомдсон нийгэм хямралаас хамгаалсан арга төдий л хүлээж авч байна. Гэвч зорилтод бүлэгтээ чамлахааргүй тус болох тэтгэлэг. Боломжтой нэг нь памперс, нэмэлт тэжээл авч хүүхдэдээ авах бол бүүр ядарсан нэг нь хоногийн хоолондоо нэмэр хийх юм.

Нэг нам олонх болсны давуу талыг дээрх эхчүүдэд зориулсан шуурхай шийдвэрээс анх удаа харлаа гэж болно. Түрүүчийн парламентын үед хүүхдээ хоёр нас хүртэл нь харсан ээжид улсаас цалингийн доод хэмжээтэй тэнцэх тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд нь санаачилж байлаа.Энэ ньХүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл нэртэй явж байсан ба энэ хуулиар ээжүүд хүүхдээ гэртээ асрахаас гадна сарынхаа хүнсний орлогыг улсаас авах боломжтой болох тухай байсан.

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа тухайн үед хуулийн төслийн талаар дараах учирлалыг хэлж байв. Тэрээр "Жирэмсний зургаан сараас эхлээд төрөх хүртэлх хугацаанд нь тэтгэлэг болон хүнсний талон олгоё гэж байгаа. Мөн 0-2 насны хүүхдээ хараад сууж байгаа эхчүүдийг цалинжуупна. Би 0-2 насны хүүхдээ харж байгаа ээж биш аавд нь ч гэсэн тэтгэлэг олгодог больё гэдэг саналыг оруулж байгаа. Гэхдээ хоёуланд нь өгнө гэсэн үг биш. Эхнэр нь өнөөдөр цалинтай учраас ажлаа хийгээд нөхөр нь хүүхдээ хардаг байж болно шүү дээ. Энэ тохиолдолд аавд нь тэтгэлэг олгох юм" гэж тайлбарлан эхчүүдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалж байв.

Энэ хуулийн төсөл тухайн үедээ мөн улс төржин хоёр намын улс төрийн автор болох зөрчилдөөнд бүдгэрч байсан. Харин энэ удаа нэг л нартай өдөр гэдэг шиг эцсийн шийдлээр төрийн тэргүүнүүд зарлалаа. Мэдээж ээлжит сонгуулийн өмнө.

Харин үүний ард нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, аавуудад адилхан сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэтгэлэг олгох асуудал бүүр гээдсэн үү гэдэг асуулт үлдлээ.

Манай улсад 2015 оны байдлаар 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байдаг гэсэн тоо статистик байсан. Үүнээс гэхэд 78606 өрх толгойлсон эмэгтэйчүүд. Үр хүүхдээ ганцаар өсгөж буй нийгмийн энэ бүлэгт төр гараа сунгах ёстой л байх. Хямрал үнэхээр тулсан хэмжээгээ давж байгаа бол “ганц бие” зүтггэж байгаа эмэгтэйчүүд, эрчүүд гэртээ хүүхдээ харах, гарч ажил хийх хоёрын шалаанд тултлаа хямарч байгаа нь тодорхой.

Ийм төрлийн тэтгэмжийн хууль гаргачихаар төрөөс сул мөнгө авахын тулд гэрлэлтээ цуцлуулаад эхэлбэл яах вэ гэж мушгих улс байдаг. Яг л нөгөөх хамтын тэтгэвэр авахын тулд ханиа “яваад” өгөөсэй гэж бодож суух хувилбар яриатай адил. Амьдралд нэг хоёр ийм тохиолдол байх ч үүнийг журамлаж зохицуулах арга зөндөө л байгаа.

0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байгааг дахин сануулья. Ядаж үүний 0-3 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүд улиралд нэг удаа тэтгэлэг авах болжээ.

Цаашид сонгуулийн өмнөх яаруу шийдвэрээс илүүтэй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гэр бүл, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан нийгмийн халамжийн цогц эрх зүйн зохицуулалт, хамгаалалт хийх хэрэгтэйг нуршин бичлээ.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ