Порошенко “нормандын дөрвөлийн” уулзалтын дүнг тайлбарлав

“Нормандын дөрвөл” Донбассын асуудлыг зохицуулах тухай Герман, Францын саналыг батлажээ. РИА Новости агентлагийн уламжилснаар, Украины ерөнхийлөгч Петр Порошенко ингэж мэдээлсэн байна.

"“Дөрвөл” замын зураг гаргах асуудалд анхаарал төвлөрүүлэхээр тохиоролцож, гэхдээ уулзалтаар баримт бичгийг зөвшин тохироогүй юм” гэж тэр тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, дөрвөн орны ГХЯ-ны тэргүүн нарминскийн тохиролцоог хэрэгжүүлэх замын зургийг 11 дүгээр сард бэлэн болгох ажээ. “Нормандын дөрвөл” Донбассын сонгуулийн хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах ажлыг шинжээчдийн түвшинд үргэлжлүүлэхээр тохирсныг тэр дурдсан байна.

Үүнээс гадна, оросын тал Украины зүүн нутгийн мөргөлдөөний бүсэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зэвсэгт ажиглагчдыг оруулахыг зөвшөөрлөө гэж Порошенко мэдэгджээ.

Нормандын дөрвөл Донбассын аюулгүй байдлын асуудалд хэлэлцээний ихээхэн хэсгийг зориулсныг Порошенко дурдсан байна.

Шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зорилгоор “нормандын дөрвөлийн” ГХЯ-ны тэргүүн нар нэг сарын хугацаанд багтаан уулзахаар тохиролцсоныг Порошенко бас мэдээлжээ.

Нормандын дөрвөлөөс өөр зам байхгүй, уулзалтын явцад энэ тухай ярьсан гэж украины удирдагч онцлон тэмдэглэсэн байна.

Орос, Украин, Герман, Францын тэргүүн Владимир Путин, Петр Порошенко, Ангела Меркель, Франсуа Олланд нарын уулзалт лхагва гарагт эхэлж, пүрэв гарагт шилжих шөнө дуусчээ.

“Нормандын дөрвөлийн” сүүлчийн хэлэлцээ 2015 оны 10 дугаар сарын 02-нд Парист болсон юм. Түүнээс хойш төр, засгийн тэргүүн нар утсаар ярьж байв. Тухайлбал, 12 дугаар сарын 30-нд тэд минскийн хэлэлцээрийн үйлчлэлийг 2016 онд сунгахаар тохиролцсон юм.

2015 оны хоёрдугаар сард “дөрвөлийн” удирдагчид“ Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх цогц арга хэмжээ” гэсэн баримт бичигт Белорусын нийслэлд гарын үсэг зурсан билээ. Баримт бичигт тухайлбал, гал зогсоож, Украинд үндсэн хуулийн шинэтгэл хийж, Донбасст сонгууль явуулж, энэ бүс нутгийн онцгой статусыг хуульчлан бататгахаар заасан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ