Нэмэлт болон дахин санал хураалт явуулна

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэх боломжгүй байсан. 15 мянган нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэц дээр гаргах техникийн боломжгүй байлаа. Сум, дүүргийн ИТХ-ыг зохион байгуулах дээд шатны байгууллага нь сум, дүүргийн сонгуулийн хороо байна гэж заасан байдаг. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо мэргэжил арга зүй талаас нь хангаж оролцох юм. Дүн мэдээг СЕХ нэгтгэхгүй, өргөн барихгүй. Харин хуульд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо дүн мэдээг 5 хоногийн дотор багтаан гаргаж, сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Нийтэд долоо хоногийн хугацаанд мэдүүлэх юм. Бид аль болох хурдан мэдээлэхийг сум, дүүргийн сонгуулийн хорооноос шаардаж байгаа. Санал хураалтын ажиллагаа дуусаагүй. Зарим хэсгүүд дээр ирц хүрээгүй учраас санал хураалтыг энэ сарын 23-ны ням гаригт ахиж явуулахаар болсон. Энэ нь хуулиараа зөвшөөрөгдсөн. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй сонгогчид оролцоно, харин саналаа өгсөн сонгогчид оролцохгүй. 1765 тойргийн 135 тойрог дээр нэмэлт санал хураалт явагдана. Аймагт 57 тойрогт, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна. Ингэж байж сонгуулийн нэгдсэн дүн гарна.

Хэсгээр авч үзвэл, 2082 хэсгийн 293 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулна. Аймгуудад 80 хэсгийн хороод дээр, нийслэлд хамгийн олон буюу 213 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулна. Хэсгийн тоо нэг аймагт 1-3-ын хооронд, дүүрэгт бол 9-71 хэсэгт санал хураана." гэсэн мэдээлэл өглөө.

Мөн нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол цөөнгүй гарсан байна. Хуулиараа дахин санал хураалт явуулах юм байна. Нийтдээ 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн байна. Тиймээс дээрх аймгуудад 117 нэр дэвшигчдийн хооронд дахиад санал хураана. Үүнийг 10 дугаар сарын 29-ний бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Саналын хуудсыг дахиж хэвлэнэ. Санал тоолох машинд 117 хүний нэрийг суулган хэсгийн хороод руу хүргэх юм байна. Нэмэлт санал хураалт, дахин санал хураалт нь хоёр өөр ажиллагаа юм. Тухайлбал ямар, ямар газруудад нэмэлт санал хураалт явуулах талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан мэдээлэл өглөө. Үүнд,

-Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг

-Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг

-Говь алтай нэг тойрог, нэг хэсэг

-Дорнод зургаан тойрог, найман хэсэг

-Дундговь нэг тойрог, нэг хэсэг

-Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг

-Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг

-Хэнтий нэг тойрог, нэг хэсэг

-Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг

-Орхон 17 тойрог, 27 хэсэг

-Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг

-Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг

-Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг

-Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг

-Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг

-Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг

-Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна.

21 аймгийн 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах бол нийслэлийн хувьд долоон дүүргийн 78 тойргийн 283 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ