Улиралдаа нэг уулздаг байгаарай

Ирц хүрсэнгүй. Бүгд биш ч олон иргэд сонгуульдаж “салхилахаас” татгалзлаа.
Саналаа өгөөгүй залхуурагсдын гол төлөөллийг залуус гэж онцоллоо. Асуудалд залхуудаа биш ИТХ-ын нэр хүнд иргэдийнхээ дунд тэр дундаа залуусынхаа дунд тааруухан байгаагийн илрэл шүү дээ. Дэргэдээ томоохон номын сан чөлөөт цагийн төв биш гэхэд ширээний теннис тоглуулдаг клуб нээчихсэн хороо хэсэг хаана байна. Залуусынхаа оюун санаа бие бялдрын хөгжилд анхаарч төсөв мөнгө суулгахын төлөө дуу нэгтэй байж асуудал шийдсэн ИТХ –ын гайхам түүх, бодит жишээ хэр их байна.
Гэр “баар” хоёрын дунд сэлгүүцэх ажилгүй сургуульгүй залуусаа бөөгнүүлээд 7 хоногт нэг уулзалт диско зохиочихдог байсан бол 4 жилийн дараа ингэж намайг сонгооч гэж даллаж гуйж, загнаж аргадаж суухгүй л байсан байх.
Эрхэм төлөөлөгчид шинэ хуучингүй нэг зүйлийг ухаармаар. Нам төр суларч болно нэгждээ хэдэн залуусаа, тэтгэврийн хөгшчүүлээ нэг баг, бүл болгож амь нэгтэй байлгаад идэвхтэй санаачилгатай ажиллаад байх бол угтаа цэвэр санаачилгын ажил шүү дээ. Засаг даргаас эхлээд хороо багийн дарга гэдэг албан тушаалын энгээр хараад, төсөв халамж хуваахад нөлөөлдөг чухал хүмүүсийн сонгууль гэж явцуу өнцгөөр яриад байхаар жирийн иргэд залууст Иргэдийн төлөөлөл гэдэг ер нь “ямар падлий байна” гэсэн ухамсрыг хөрсжүүлээд байгаа.
Хороо хэсэг гэдэг хаягийн тодорхойлолт өгдөг, настайчуудад халамж тараадаг, групп халамжид эмнэлэгт тодорхойлолт хийдэг гэх зэрэг төрийн үйлчилгээний ажил дээрээ тогтож байгаа мэт харагддаг болсон. Үүний цаана байдаг өнөөх сүрхий ИТХ амьдралд нь буух ямар асуудал шийдээд, яаж өөрийг нь төлөөлөөд байгаа нь практик амьдрал дээр харагддаггүй. Үүнийх нь үр дагавар гарч орон нутгийн сонгууль ирцдээ хүрэхгүй болж ирлээ.
Энэ залууст маань эх оронч сэтэл дутсандаа сонгуульдаа захлаад байгаа бус сонгогдоод юу хийдэг хүн юм бэ гэсэн асуултанд эрхэм төлөөлөгчид нь олигтой хариу өгч чадахгүй байгаад асуудал бий.
Нөгөө талд намууд ИТХ-ын сонгуулийг эрх мэдэл гэж ойлгогдохоор болтол нь хар шар сурталчилгаа явуулж, улс төржүүлж байгаа нь нөлөөлсөн. Хаашдаа улс төржихөөс залхаж, урагшгүй түшээддээ гомдож байгаа иргэд дахиад нэг сонгууль хийж байгаа бол намуудын ажил, эрх ашиг гэж ойлгож байна. ЕБС-ийн сургалт программдаа ч засаг захиргааны нэгж ба түүн дундаа Иргэдийн төлөлөөгчид өөрийнх нь төлөө, аав ээжүүдийнх нь төлөө юу шийдэж хийж байдгийг тодорхой энгийн сайхан жишээн дээр заадаг ярьдаг болохгүй бол дараагийн үеийнхэн жижиг гэх сонгуулиас улам л холдохоор харагдаж байна шүү.
Ирцээ шахах дахин сонгуульд залуус маань оролцож хөрөнгө мөнгө дахин үрэгдэхгүй гэж найдаж байна. Мөн уриалж байна. Харин соногдсон эрхмүүд хэлсэндээ хүрдэг амласнаа биелүүлдэг. Яг одоогийнх шигээ идэвхтэй, айл айлаар орж залуустайгаа улиралдаа нэг уулзчихдаг байгаарай.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ