Хазгай тулгын балаг буюу сонголтгүй сонгууль

Төрөөс ард түмэнд эрхээ эдлэх боломж олгоод байхад сонгуулийн ирц яагаад хүрэлцэхгүй, иргэд яагаад ийм хойрго хандаж байгааг бодох л хэрэгтэй. Энэ бол гурван талын хүчин зүйлээс шалтгаалах өргөн хүрээний асуудал. Тулгын чулуу хазайвал тогоотой хоолоо хөмрөнө. Ийм л явдал болчихлоо.
Иргэд үүргээ ухамсарласангүй гэх шүүмжлэл их гарч байна. Сонголтоо хийх нь хүний эрх, нөгөөтэйгүүр сонгуульд оролцох нь иргэний үүрэг. Тэгэхээр аливаа үүргийн ард хариуцлагын тогтолцоо оршдог. Тэгвэл сонгуулиа өгөөгүй иргэдэд хариуцлага тооцох уу гэсэн асуулт гарч ирж байна. Нэгэнт сонголтын эрх нь байгаа цагт шууд шийтгэх байдлаар асуудалд хандах нь өрөөсгөл болно. Иймийн учир дахин болон нэмэлт сонгууль явуулах тухай хуульд тусгагдаа биз.
Сонгуулийн ирц хүрээгүйг хэд хэдэн янзаар тайлбарлаж байна. Амралтын өдрөөр зарласан ч амраагаагүй, зайлшгүй шаардлагаар ажиллаж байгаа байгууллагуудын ажилчдад удирдлага нь чөлөө олгохгүй байна гэсэн гомдол СЕХ-д ирсэн байдаг. Хамгийн гол шалтгаан нь сонголтгүй сонголт тулгасан хэмээн үзэх хүн олон байгаа юм. Түүнчлэн өмнөх үргүй зардал, үр дүнгүй сонголт зэргээс шалтгаалж иргэдийн итгэл алдарсан гэх хэсэг байна.
Зарим улс оронд сонгуульд оролцоогүй иргэдээ торгохоос эхлээд ял оноох хүртэл шийтгэл ногдуулдаг байна. Тэгвэл манайд дутуу болцтой, амтгүй хоолыг аяга дүүрэн дахиж, нэмж шахах хууль үйлчилж байна. Юу гэвэл, сонголтгүй сонгуулиас сонголт хийхийг шаардах "нэмэлт сонгууль", хийсэн сонголтыг нь дахин дахин сонгуулах, эсвэл "тэнцсэн болохоор өөр хүн сонгох" гэсэнтэй утга нэгэн шахаанд оруулах "дахин сонгууль" явуулна. Хоолтой зүйрлэхийн учир нь амт, чанартай зоогоос татгалзах хүн бараг үгүй. Тиймээс сайхан бүтээлэгтэй том ширээ зассан ч дээр нь өрсөн хоолнуудын өнгө, үнэр, амт таагүй, гол нь болц нь дутуу бол хэн хүртэхийг бодох билээ. Гэхдээ ийм байдлыг давтуулахгүйн төлөө заавал очиж, амсаж үзэхийг мэдээллийн хэрэгслүүдээр олон дахин сануулсан, иргэд ч нэгэндээ зөвлөж байсан. Эцсийн дүнд татвар төлөгчдийн мөнгө хэдэн тэрбумаар дахин үргэдэх нь тодорхой боллоо. Бусдаас болж хэн нэгэн ингэж торгуулах нь шударга бус явдал. Ядаж энэ талын үр дагаварыг бодоод энэ сарын 23, 29-нд болох сонгуульд идэвхтэй оролцохыг дээр дооргүй уриалсаар байна. Анхнаасаа амттай, чанартай зоог барьсан бол ард түмний сонголт ч, ард нь үлдэх сэтгэл ханамж ч эерэг байх байлаа.
Сонгуулийн хариуцлага тооцох, ирц сайжруулах асуудлаар төрөөс дорвитой үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйгээс болж ийм байдал үүссэн гэх үү, иргэдийн ухамсаргүй, хойрго үйлдлээс алдагдал хүлээх боллоо гэх үү. Ямартай ч иргэдийн хамгийн ойр байх ёстой төлөөлөгч иргэдээс хамгийн хол байдаг нь энэ сонгуулийн дүр зургаас тод томруун харагдлаа.
Сонгуулийн ирцэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол мэдээж нэр дэвшигч. Тиймээс улс төрийн намууд итгэл даах хүнийг нэр дэвшүүлэх, ингэхийн тулд дотоод ардчилалтай болох шаардлагатай.
Сонгуулийн ирцийг сайжруулах нь тэгэхээр дан ганц сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар шийдэгдэх асуудал биш. Энэ нь сонгуулийн тулгын гурван чулуу болох сонгуульд сойх нэр дэвшигчдээ сонгох намын, сонгуульд оролцуулах иргэдээ идэвхжүүлэх төрийн, сонгох эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх иргэдийн ухамсрын бөгөөд хариуцлагын асуудал юм. Аль нэг нь л холдож хазайвал бүх зүйл нуран унахын тод жишээ энэ бөлгөө. Сонгочихмоор хүн байхгүй бол яах ёстой вэ? Энэ асуултад бүх зангилаа оршиж байна.
Нэгэнт чанаад гаргасан хоолыг амтгүй ч гэсэн "дахих, нэмэх"-ээс өөр гарц энэ удаад үлдсэнгүй. Харин дараагийн зоог амттай, чанартай байх болтугай.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ