Жолооны үнэмлэхийг хаягаар хүргэж өгдөг боллоо

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, зардал багатай хүргэх “Цахим болон мобайл технологид суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс үзүүлж буй тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох, жолоодох эрх сэргээх, үнэмлэх нөхөн олгох, жолоочийн үнэмлэх солих, гадаадын иргэнд жолооны үнэмлэх сольж олгох, жолоочийн лавлагаа гэсэн 6 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ солиулах, үрэгдүүлж нөхөн авахаар захиалга өгсөн иргэнээс сайн дурын үндсэн дээр шуудангийн хүргэлтийн үйлчилгээг авах хүсэлтийг үндэслэн жолоодох эрхийн үнэмлэхийг хаягаар хүргүүлэх, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж нар гэрээнд гарын үсэг зурав.

Гэрээний зорилго нь үйлчилгээг хүргэхдээ иргэдийн хүсэл, сонирхолд тулгуурлан сайн дурын үндсэн дээр “жолоодох эрхийн үнэмлэх”-ийг хаягаар хүргэх үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулахад оршино.

Гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ нь иргэдийн санаачлагаар гарсан бөгөөд тус төвөөр үйлчилгээ авахаар ирсэн 150 иргэнээс “Таны захиалсан жолооны үнэмлэхийг шуудангийн байгууллагаар хүлээн авахыг хүссэн хаягаар хүргүүлэх үйлчилгээг дэмжиж байна уу?” гэсэн асуултанд 107 иргэн буюу 71.3 хувь нь дэмжсэн хариу өгсөн байна.

“Монгол шуудан” ХК-тай гэрээ байгуулснаар иргэд хэвлэгдэн гарсан жолооны үнэмлэхээ өөрийн амьдарч, ажиллаж буй хаягаар хүлээн авах бүрэн боломжтойгоос гадна дэлхийн бусад улс орноос олон улсын шуудангаар хүлээн авах боломжтой. Мөн иргэд төрийн үйлчилгээний ТҮЦ машин, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, www.ezasag.mn сайтаар дамжуулан захиалснаар иргэдийн хувьд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлттэй.

Дашрамд сануулахад, ТҮЦ машинаас жолоодох эрхийн үнэмлэхийн 2 төрлийн лавлагаа авах боломжтой.

-Жолоодох эрхийн лавлагаа
-Жолоочийн эрх сэргээх лавлагаа

Хурууны хээгээ уншуулаад л лавлагаагаа авах бөгөөд 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ