Дараагийн сонгууль яахав. Давсаа л ихдүүлэв

Одоо амлалтын сезон дууслаа. Төр барьж байгаа нь ч, төр барьж чадаагүй үлдсэн нь ч одоо улс төржихгүй байх гэж найдъя. Учир нь энэ улс орон улс төрөөр хооллохгүй, нэг нам дангаараа олонх болоод улсын өрийг төлчихгүй гэдгийг бид харлаа.
Жар хонгогийн дараа сая сая доллараар өр дарах дарамттай улс сонгуульдаж завгүйдсээр байвал улс орон шууд дампуурна. Энэ үгийг би бөөгнүүлсэнгүй. Жирийн нэг өвгөн л хэлж сууна.
Томилгооны тоос дарагдаж, яам агентлагууд эзэнтэй болсон юм бол хуримтлагдаад байгаа асуудлуудаа цэгцэлж, төрийн ажил үйлчилгээг чирэгдэлгүй болгоход анхаармаар. Иргэддээ нэмэр тус болдог төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлмээр. Энэ бол бас жижиг сэдэв.
Одоо Ипотекийн зээл улс төржихгүй шиг эхэлчихээсэй гэсэн хүлээлт байна. Сүүлийн амлалтын шоу болох 5 хувийн хөтөлбөрөөр 1948 иргэнд нийт 54 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оны есдүгээр сард багтаан олгоод үндсэндээ таг зогсоосон байгаа. Таван хувьтай болж үзээд бүүр тасарсан Ипотекийг эхлүүлэх хамтрагчдын уулзалт яриа болсон талаар мэдээлсээр байгаа ч үр дүн харагдахгүй байгаа.
Төрийн менежмэнт хийх үүрэг МАН-ын гарт шилжсэнээр 100 хоног ард үлдлээ.
Сөрөг хүчин ухралтын 100 хоног гэсэн бол МАН хог тоосоо гүвсэн сар гэж хэлж байгаа. 18 сарын дараа хөл дээрээ босох амлалтыг МАН-ынхан 100 хоногийн нэхэлд өгөх хариу амлалт болгосон. Сонгууль яахав, давсаа л тааруулж бодлогоо хэрэгжүүлээрэй. АН-ыг “арай” байлаа гэж үзээд хашраасан ард түмний сонголт МАН-ыг аврагч гэж зарлаагүй. Арай дээр байх болов уу. Дөрвөн жилийн цөөнхийн ухаарал дараагийн зөвд хөтлөх болов уу гэж найдсан. Эрх барингуутаа хүчлэн хийсэн ухралт бүрийг нь уучилж ойлгон орон нутгийн эрхийг давхар өглөө.
Аз жаргалтай хотод амьдрах яахав биелж болно. Мэдрэгдэж магад. Ахиад өрийн өрд орж хууртан үлдсэн байх вий гэсэн айдас хардлага одоо ч иргэдэд байна.
Засгийн газар дэлхийн банкны дүгнэлтийг чимээлэн “стэнбай” авч хатуурхах уу гэдгээ шийдээгүй байгаа. Өрийн тааз цөм давсан, төсвийн баланс нь алдагдсан, шат шатандаа авилга төсвийг хумслагчтай болсон энэ үед Монголыг өөрсдөө зориглоод төсвийн реформ хийнэ гэдэгт Дэлхийн банк, валютын сан итгэх нь юу л бол. Гэхдээ одоо ид хэлэлцэж буй 2017 оны төсөв мөнгөний бодлого дээр яаж хандах нь Монголын улс төрчид алдаанаасаа хэр сургамж авсан бэ гэдгийг харуулна.
Өрийн дарамт ярихтай зэрэгцээд зээлийг зээлээр гэсэн мессеж идэвхжиж байна. Давсаа л тааруулж яриарай, Улс төрчид өө. Тэрбум доллар биш гэхэд хэдэн их наядаар хэмжигдэх төсвийн алдагдлыг давтахгүй байх суурь хөрс бий болоогүй л байна. Энэ нөхцөлд их хэмжээний зээл авах гэдэг нөгөө л түлдэг шардаг тогоон дээрээ хоол хуурга хутгахтай адил сонсогдож байгаа.
Төр нүүрээ тахалж байгаад зээл босголоо гэхэд дахиад гарын салаагаар урсаж “нахисан бонд” болж сонгуулийн өр дарахгүй гэх баталгаа байна уу. Үүнээс хамгаалсан төсвийн, сахилга хяналт, хариуцлагын тогтолцоог Их хурал яаралтай бий болгомоор. Үүний дараа л дахин өр тавьцгаая.
Дараагийн сонгуулиар сайхан болох яахав. Тэрний дараа яахыгаа, ер нь бид дотроо тогтолцооны гажигтай болсон, бүх зүйлийн байр солигдсон. Авилгад идэгдчихээд байгаа. Үүнийгээ засахгүй бол азийн Африк болох дөхөөд байгаагаа тогтож ярьцгаая.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ