Хүний нулимснаас гаргаж авсан давс

Бидний хэн нь ч эхэр татан уйлмаар санагддаг уйтгар гунигтай агшинтай нэг бус удаа тулгарсан байж таарна. Уй гашуу юмуу гунигтай хагацлын дараа үлддэгтэр бүгдийг ашиг тустайгаар хэрэглэж болдог байна. Лондон хотын нэг дэлгүүр ер бусын бүтээгдэхүүн буюу хүний нулимснаас давс гаргаж авахаар шийджээ.

Үйлдвэрлэгчдийн дурдсанаар, Лондоны “Studio Weave” пүүс “Halen Môn” компанитай хамтран гаргаж авсан шилмэл давсыг тэсвэрлэхүйеэ бэрх уйтгар гуниг, зовлон шаналалын үед гарсан нулимсаар хийжээ. Лаваанда цэцгийн содон анхилам үнэр агуулсан энэ давс “хүний шив шинэхэн нулимс”-тай яг адилхан гэнэ. Давсны талстуудыг гаргаж авахын тулд нулимсыг буцалгаж, олон зууны уламжлалын дагуу талстуудыг гараар цуглуулдаг байна. Ийм давс нь тийм ч аятайхан биш байх бөгөөд хүний нулимс цуглуулах нь хүнд нэг их баяр хөөр төрүүлэх нь юу л бол хэмээн таамаглаж болохоор.

Гэвч асгартал уйлж эхлэхийн өмнө, энэ давсыг хэрхэн хийдэг аргын учир начирыг олох хэрэгтэй болов уу. Ер нь давс гаргаж авахын тулд хүний нулимсыг ашиглах боломжтой юу?

Хүн давсны маш өчүүхөн төдий үртэсийг нулимсаараа ялгаруулдаг байна. Нүдний эмч нар энэ үртэс төдийхөн зүйлсийг цуглуулахын тулд шинжилгээнд зориулсан тусгай цаас хэрэглэдэг бөгөөд гэхдээ давс хийхийн тулд нулимс цуглуулах гэдэг нь бүр ч төгс шийдэгдээгүй асуудал юм. Нулимс цуглуулахад маш нарийхан дусаагуур шаардагдах нь лавтай.

Давс хийхийн тулд нулимсыг чухам хэрхэн цуглуулдагийг үйлдвэрлэгчид тодруулан тайлбарлахгүй байгаа ч, сармис хэрчиж байхад гардаг нулимс, найтаахад гардаг нулимснаас аваад, инээх, уйтгарлах үеийн нулимс хүртэлх янз бүрийн сэтгэл хөдлөлийн үеийн нулимснаас гаргаж авсан давсыг санал болгодог байна. Дээр дурдсан элдэв төрлийн нулимснаас гаргаж авсан давс бүрийг ялангуяа тодорхой хоолонд тун зохистой байдлаар хэрэглэж болдог аж. Жишээ нь, үйлдвэрлэгчдийн нотлож байгаагаар, уйтгар гунигийн нулимснаас гаргаж авсан давс хонины болон шарсан төмстэй хоолонд сайн тохирох гэнэ.

Нулимсны 99 хувь нь ус байдаг бөгөөд ганцхан хувь нь л натри хлорид, өөрөөр хэлбэл давс болон бусад органик бодис байдаг байна.

Нулимсны булчирхай нь нулимс байнга ялгаруулж, энэ нь нүдийг чийгэлж, цэвэрлэдэг. Хоёр төрлийн нулимс байдаг бөгөөд тодруулбал, нэгд сэтгэл хөдлөлийн нулимс гэж байх. Стресст орох, гуниглах юмуу баярлах үед бид ийм нулимс гаргадаг байна. Хоёрт, жишээ нь сонгино хэрчих зэрэг янз бүрийн цочролын үед ялгардаг нулимс гэж бий.

Нулимсны химийн найрлага мөн тогтмол биш. Сэтгэл хөөрлийн үеийн нулимснь стрессийн үед ялгардаг уурагт суурилсан даавруудыг ахиу агуулдаг байна. Бид нэг сайн уйлж авсны дараа яагаад байнга шахуу сэтгэл уужраад явчихдаг нь үүнтэй холбоотой гэнэ. Ер нь стрессийн химийн бодисууд нулимсны хамт гадагшилдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ