Хүүхдэд нэр хайрлах монгол зан үйл

Монголчууд нэр бүтэн бол заяа бүтэн хэмээн ярьдаг. Тиймдээ ч шинэ төрсөн хүүхдийн угаалга, нэр өгөх зан үйл нь айл гэр төдийгүй төр ёсыг хамтад нь агуулсан хүндтэй үйл юм.

Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босч гэр орноо цэвэрлээд, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлдэж бага үд болмогц айл саахалт, хамаатан садны хүмүүсээ урина.

Ийнхүүуригдсан зочид суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн нэрсээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билигтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрүүдийг жижиг цаасан дээр нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн арвайн будаатай саван дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад савныамыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.

Үүний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн будаатай савыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрсээс түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж, тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.

Хэрэв эрэгтэй хүүхэд бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь нэрийг гурван удаа шивнэн хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж нэрийг нь хүмүүст дуулдахаар гурван удаа хэлээд орон дээр нь тавина.

Цугларсан олон “Адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү” гэж асуугаад авчирсан бэлгээ өгдөг заншилтай.

"Ёслолын эцэст хүүхдэд хандан:
“Эх эцэгтээ энэрэлтэй
Элэг садандаа түшигтэй
Эх орондоо гавьяатай
Эрхэм сайн хүн болохын
Эетэй сайхан ерөөлийг
Энд дэвшүүлж айлтгая” гэж ерөөнө.

Ийнхүү монголчууд хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг хамтатган хийдэг уламжлалтай билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ