УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахилгааны тарифын талаар асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний сайд П.Ганхүүд асуулга тавьжээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуусан байна.
Тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн салбарын цахилгаан тарифыг бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифаас өндөр байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарын гол түүхий эд болох шавар, элс, хайрга, шохойн чулуу, занар, төмрийн хүдэр, гөлтгөнө, гантиг зэрэг цементийн болон тоосгоны үйлдвэрлэлд чухал шаардлагатай ашигт малтмалуудын олборлолт, боловсруулалтын цахилгааны тариф дагаж нэмэгдсэн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос чадлын тариф болон эрчим хүчийг дэмжих тариф тогтоох үндэслэлээ цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөр байгаа тул цахилгааны зохистой хэрэглээг бий болгох, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилгоор тогтоосон гэж тайлбарладаг ч бодит байдал дээр эрчим хүчний салбарын алдагдалтай ажиллагааг бууруулахаар бий болгосон байдаг хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тайлбарлав. Тухайлбал, эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг бөгөөд 2014, 2015 онд 80 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Тэрээр асуулгадаа “Тухайн алдагдлаа дотоодын аж ахуй нэгжүүдийн нуруун дээр үүрүүлж байгаа эрчим хүчний зохицуулах хорооны дээрх шийдвэрийг эргэн харж, эдийн засгийн хямралтай энэ үед чадлын тариф, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг зогсоох талаар ямар арга хэмжээ авч ажиллах талаар эргэн мэдээлнэ үү.” гэжээ.
Мөн айл бүрийн цахилгааны тариф дээр сар бүр 2000 төгрөгийг "сарын суурь тариф" хэмээн нэмж тооцох нь хууль бус шийдвэр тул цуцлуулах талаар арга хэмжээ авах ёстой гэж үзсэн байна.
Дээрх тарифуудыг зогсоосноос үүдэн гарах санхүүгийн алдагдлыг эрчим хүчний салбарын төрийн өмчит болон төсвийн байгууллагууд болох 23 байгууллагын захиргаа удирдлагын данхар бүтцийг оновчтой болгох, байгууллагын үргүй зардлыг бууруулах замаар нөхөх боломжтой гэдгийг дурджээ.
Эдийн засгийн хямралтай үед эрчим хүчний салбар хариуцсан сайдын хувьд аж ахуй нэгжүүдээ дэмжсэн бодлого баримталж, холбогдох эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах үүрэгтэй бөгөөд цаашид энэ чиглэлээр ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан асуулаа.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ