Хятадтай тохиролцохоор ажиллаж байгаа гэв

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам манай улсад айлчилснаас үүдэн Монгол, Хятадын харилцаанд асуудал үүсгээд байгаа. Хятадын талаас уг айлчлал хоёр орны улс төрийн суурь харилцаанд сэв суулгасан тул Монгол улс Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардсан билээ.

Улмаар БНХАУ-тай хийх хэд хэдэн айлчлал цуцлагдсаныг Хятадын талаас өчигдөр мэдэгджээ. Тухайлбал,энэ сарын 23-25-ны өдрүүдэд УИХ, БНХАУ-ын парламентын зөвлөлдөх уулзалт болох ёстой байсан. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог, хоёр улсын парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байсан, цуцлагдсан.

Энэ сарын 28-29-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан. Гэвч БНХАУ хүлээж авах боломжгүй гэдэг хариу өгсөн байна. Энэ уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан аж.

12 дугаар сарын 5-нд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын урилгаар Гадаад харилцааны сайдБНХАУ-д айлчилж, У.Хүрэлсүх сайдын айлчлалыг дүгнэх, Ерөнхий сайдын ирэх онд хийхээр төлөвлөж байгаа айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцахёстой байжээ. Энэ уулзалт мөн хойшлогдож магадгүй ч албан ёсоор хойшилсон гэж хэлээгүй байгаа гэнэ.

Мөн ирэх сарын 5-7-ны дөрүүдэд Москва хотноо Ази Номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалт болно. Энэ үеэр Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд, БНХАУ-ын болон ОХУ-ын Зам тээврийн сайд нар гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Энэ ажил хойшлогдох байх гээд ийм нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа Хятадын талд илэрхийлсэн байна.

Тиймээс эдгээр асуудлаар Хятадын талтай тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа гэж ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгджээ. Хойшлогдсон, цуцлагдсан айлчлал удахгүй зохих хугацааны дараа үргэлжилнэ гэж найдаж байгаагаа мөн илэрхийлсэн аж. Түүнчлэн "Далай багшийг урьж авчрахад ямар нэгэн төр, засгийн байгууллага албан тушаалтан оролцоогүй. Энэ бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй шашны байгууллагаас зохион байгуулсан айлчлал. Монгол Улсад төр, шашин тусдаа учраас энэ айлчлалыг зохион байгуулахад төр оролцоогүй. Монголын сүсэгтэн олон энэ айлчлалыг хүлээж байгаа үед бид сүсэгтэн олонд хүндэтгэлтэй хандсан" гэдэг тайлбарыг өгөөд байгаа ажээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ