УИХ-ын гишүүд лобби бүлэг байгууллаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийг байгуулсан тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна.

Энэхүү лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой ажээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзжээ.

2010-2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан нь бүртгэгдээд байгаа. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил өдрөөс өдөрт тогтмол нэмэгдэж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ