АН: Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 хувь нь МАН-ын гишүүдэд хамаатай
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол Улсын 2017 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны батлагдсан төсвийн талаар бүлгийн гишүүдэд товч танилцуулж, мэдээлэл өгөв.
Мөн хурлаар Орон нутгийн сонгуулийн зөрчлийн талаар хэлэлцээд уг асуудалд холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Хурлын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. АН-ын бүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлэхээр болжээ.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тухайлбал, "Хөгжлийн банкнаас авсан зээлийн 60 хувь нь МАН-ын гишүүдтэй холбоотой бол хэн хэдэн төгрөгийн зээл авсан байдаг вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хөгжлийн банкнаар дамжиж гарсан зээлийг Ардчилсан нам аваад зарцуулсан гэх яриа үндэслэлгүй. Энэ банкнаас гарсан зээлийн 60 орчим хувь нь өнөөдрийн УИХ-д сууж байгаа МАН-ын гишүүдэд хамаатай. Өөрсдийнх нь аж ахуй нэгж дээр олгогдсон зээл болох нь нотлогдсон. Гэтэл үүнийг ярихгүй байж Ардчилсан нам идсэн, уусан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Зээл авах бол аль ч компани дээр байдаг асуудал. Гэтэл хэт улстөржүүлж, цаанас нь ямар ашиг сонирхол агуулж байгааг ил болгох хэрэгтэй” гэсэн хариулт өглөө.

Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ