Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд


Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Залуучуудын тухай хуультай болно
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болох юм. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 42.9 хувийг 16-40 насны залуучууд эзэлдэг байна. Уг хуулийг баталсны дараа Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм. Судалгаанаас үзэхэд залуу 10 өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрдэх юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ.
Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.
Үзэл баримтлалын төсөлд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, татварын бодлогоос гадна хотын оршин суугч, аж ахуйн нэгжийн эрх, үүргийг тодорхой тусгажээ. Нийслэл хотыг санхүүгийн хувьд бие даасан чадавхтай болгоход чиглэсэн эрс шинэчлэлийн шинжтэй эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээг шуурхай болгох арга замуудыг тодорхой болгоод байна.
Хууль батлагдсанаар Улаанбаатар хот тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай болсон нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа. Гэтэл дүүрэг учир сумтай адил статустай байдгийг өөрчилж аймагтай ижил статустай болгох юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ 2000 хүнтэй сумынх шиг биш аймгаас авдаг үйлчилгээтэй ижил түвшинд хүрнэ гэсэн үг юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар засаг захиргаа, дарга нарын эрх, үүргийг л хуульчилснаас бус иргэний үүрэг гэдэг зүйл огт тусгагдаагүй юм. Үүнийг өөрчлөхөөс гадна тогтоосон стандартаа хаа хаанаа хатуу мөрдөн хамтын хүчээр эрүүл, аюулгүй, амгалан тайван хоттой болохыг зорьжээ.
Төвлөрлийг сааруулах чиглэлээр багагүй зүйл хийхээр төсөлд тусгасан байна. Тухайлбал нийслэлийн дагуул хотод шилжин байнгын үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 40 хувь, нийслэлийн дэд төвүүдэд бол татварыг таван жилийн хугацаанд 40 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Мөн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 15 жил, дэд төвүүдэд бол 10 жил татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм.
Хууль батлагдсанаар нийслэл хот үнэт цаас гаргах, газрын бирж ажиллуулах, Засаг дарга газар өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн Нийтийн Хурлын саналыг заавал авч байх зэргийг тусгажээ.
Товч мэдээ
-Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтойхолбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна.
-Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг ирэх оны нэдүгээр улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулахаар болов.
-Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ